Дэлхий дахинд хүмүүнлэгийн томоохон хямрал нүүрлэсэн гэж НҮБ-ын тэргүүн мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-02 08:52:58

НЬЮ-ЙОРК. /TASS/. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хүмүүнлэгийн хамгийн том хямралыг даван туулахад бидэнд 35 тэрбум ам.доллар хэрэгтэй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгджээ.


“2020 оныг бусад онтой зүйрлэж боломгүй байлаа. Сөргөлдөөнүүд, уур амьсгалын өөрчлөлт, коронавирусний улмаас Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хүмүүнлэгийн хамгийн том хямрал үүсжээ. Өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлээд буй хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэж, хүүхдүүд хэдэн зуун саяараа сургуульдаа явах боломжгүй болж, үгээгүй ядуурлын түвшин 22 жилийн хугацаанд анх удаа нэмэгджээ. Бид илүү аюулд ороод буй нэгэндээ туслахын тулд хүчээ дайчлах хэрэгтэй. Илүү эмзэг байдалд ороод буй 160 сая хүнд нэн шаардлагатай тусламж үзүүлэхэд бидэнд 35 тэрбум ам.доллар шаардлагатай байна” хэмээн А.Гутерриш онцлон тэмдэглэжээ.


Түүнчлэн мөргөлдөөн зэрэг хүмүүнлэгийн асуудлуудыг бий болгож буй үндсэн шалтгаануудад үргэлжлүүлэн арга хэмжээ авахын ач холбогдлыг цохон тэмдэглэжээ. “Сөргөлдөгч талууд болон түүнд нөлөө үзүүлж буй хэн бүхэн оны эцэс гэхэд дэлхий даяар эвлэрэн нэгдэх миний уриалгыг хүлээн авахыг хүсэж байна” гэж тэрбээр хэлсэн байна. 

Холбоотой мэдээ