Коронавируст халдварын 554 тохиолдол шинээр илрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-08 11:03:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид  хийсэн шинжилгээгээр 554 хүнд шинээр халдвар илэрлээ.


Шинээр илэрсэн тохиолдлын 451 нь Улаанбаатар хотод, 102 нь аймаг, орон нутагт бүртгэгдсэн бол нэг нь гадаадаас зөөвөрлөгджээ. Аймгуудаас Төв аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байгаа юм. Улаанбаатар хотод ойр учраас тус аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байна гэдгийг ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр мэдээлсэн юм.


Ингэснээр өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 12 780 болжээ. Харин өчигдөр  372 хүн эмнэлгээс гарснаар нийт   8140 хүн эдгэрээд байна. 


Одоогоор  коронавируст халдвартай 2637 хүн эмчлүүлж байгаагаас  14 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсээс  2176 нь хөнгөн,  373 нь хүндэвтэр,  74 хүний биеийн байдал хүнд оноштой байна. 


Үүнээс гадна 2000 гаруй иргэн хөнгөн хэлбэрээр өвчилж, гэрээр эмчлүүлж байгаа аж.

Холбоотой мэдээ