"Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр" баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-05-20 12:34:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал тавдугаар сарын 19-нд болж, аймгийн төрийн албаны "Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр"-ийг хэлэлцэн баталлаа.

Энэхүү хөтөлбөр нь мэргэшсэн, чадварлаг төрийн албыг бүрдүүлж, удирдлагын манлайллыг сайжруулах зорилготой бөгөөд энэхүү зорилгын хүрээнд төрийн албаны хүний нөөцийг тасралтгүй бэлтгэж, чадавхжуулах, төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэгдэж байгаа юм.

Тус аймгийн хэмжээнд өнөөдөр төрийн 134 байгууллагад 3270 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 8.7 хувь нь удирдах албан тушаалтан, 69.7 хувь нь гүйцэтгэх албан тушаалтан, 21.5 хувь нь туслах албан тушаалтан байгаа бөгөөд тэдгээрийн 80 хувь нь төрийн үйлчилгээний, 12 хувь нь төрийн захиргааны, 5 хувь нь төрийн тусгай албанд, 3 хувь нь төрийн улс төрийн албан тушаалд ажиллаж байна.

Дээрх хөтөлбөрийг боловсруулахын тулд аймгийн хэмжээнд шаардлагатай байгаа боловсон хүчний судалгаа болон төрийн байгууллагуудын ажиллах орчин нөхцөл, нийгмийн баталгааг тодорхойлсон байна.

Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд хөдөө аж ахуй, эрүүл мэнд, соёл, боловсрол, дэд бүтцийн салбарт мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байгаа ба сэтгүүлч, мэдээлэл технологийн мэргэжилтэн, бага ангийн багш, хими, биологи, математик, орос хэлний багш, сургуулийн өмнөх боловсролын багш, дуу хөгжмийн багш, хүний их эмч, сувилагч, бүх төрлийн инженер, эдийн засагч, малын эмч, мал аж ахуйн мэргэжилтний эрэлт хэрэгцээ их байгаа ажээ.

Мөн орон нутагт ялангуяа сумдын төрийн албан хаагчдын хувьд цалин хөлс, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа төдийлөн сайн биш байгаа тул мэргэжилтнүүд хөдөөд тогтвор суурьшилтай ажилладаггүй, аймагт нэн шаардлагатай мэргэжлээр ирж ажиллах мэргэжилтэй боловсон хүчин цөөн, шинээр төгсөн ирж байгаа зарим залуучуудын мэргэжлийн ур чадвар тухайн ажлын байрны шаардлагыг хангадаггүй зэрэг бэрхшээл тулгамддаг учраас энэхүү хөтөлбөрийн хүрээнд эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ