Монгол, ОХУ-ын “Торгоны зам” уралдааны маршрутыг гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-20 13:49:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Торгоны зам 10 шаттай олон улсын ралли уралдааны нээлт ОХУ-ын Омск хотод 7 дугаар сарын 1-нд болно.


Тус уралдаан Омскоос гарч, Сибирь, Алтайн уулаар дамжин, Монгол Улсын нутгаар дамжин говь, талаар үргэлжилэн явагдаж 7 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотноо барианд орно. Ой тайга, хээр тал, говь цөл, уул нуруу, гол мөрөн туулсан байгалийн бүхий л бүс нутгийг дайран өнгөрсөн энэ уралдаан Монгол, ОХУ, Хятад гэсэн хөрш гурван орны нутгаар дамжин өнгөрөх байсан ч БНХАУ цар тахлын улмаас нэрээ татсан юм.


Энэ зуны торгоны зам дагуу болох олон улсын ралли уралдааны маршрутыг Москва хотноо лхагва гарагт зохион байгуулагчид эцэслэн баталжээ.


11 дэх удаагаа явагдаж байгаа тус ралли уралдаан ФИА-гийн Дэлхийн Цом, мотоциклийн кросс-кантри раллигийн Дэлхийн аваргын тэмцээний статустай явагдах юм.


Олон улсын Торгоны зам 2021 ралли энэ удаа ОХУ-ын Ерөнхийлөгч, Засгийн газар, Спортын яамны дэмжлэгтэй явагдах бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 1-11-ний хооронд нийтдээ 5400 км зайг туулахаар төлөвлөгджээ.



Энэхүү уралдааны хөтөлбөрийг танилцуулж  байна.


Техникийн үзлэг 2021 оны 6 дугаар сарын 30 болох бол Уралдаан албан ёсны нээлт 7 дугаар сарын 1-нд болно. Харин уралдааны 1 дүгээр шат ОМСК -НОВОСИБИРСК /02.07.2021/, 2- дугаар шат НОВОСИБИРСК — ГОРНО-АЛТАЙСК  /03.07.2021/, 3 дугаар шат ГОРНО-АЛТАЙСК — ӨЛГИЙ  /04.07.2021/, 4 дүгээр шат ӨЛГИЙ — ХОВД /05.07.2021/, 5 дугаар шат ХОВД — ХОВД /06.07.2021/, 6 дугаар шат ХОВД — АЛТАЙ /марафон, 07.07.2021/, 7 дугаар шат АЛТАЙ — АЛТАЙ /марафон, 08.07.2021/, 8 дугаар шат АЛТАЙ – БАЯНХОНГОР /09.07.2021, 9 дүгээр шат БАЯНХОНГОР — УЛААНБААТАР /10-07. 2021/ 10-р шат УЛААНБААТАР — УЛААНБААТАР /11.07.2021/ тус тус үргэлжилнэ.

Холбоотой мэдээ