Ресторан, зочид буудал, амралтын газар, сауныг энэ сарын 22-ноос нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын Шуурхай ажлын баг өнөөдөр хуралдаж зургаан төрлийн үйл ажиллагааг энэ сарын 22-ноос нээхээр болсон тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээлэв.
Тодруулбал,
- Орон нутагт зорчих хөдөлгөөнийг нээх бөгөөд вакцины давтан тунгаа авч 14 хоносон хүн ямар нэгэн хязгаарлалтад орохгүйгээр вакцинд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлээд хяналтын постоор нэвтрэх юм байна. Мөн сүүлийн дөрвөн сарын хугацаанд халдвар аваад эдгэрсэн хүн эмчийн магадлагааг үзүүлж чөлөөтэй зорчих боломжтой. Вакцины анхны тун хийлгэсэн, эсхүл эсрэг заалттай, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн 72 цагийн хүчинтэй PCR шинжилгээ өгч зорчих бөгөөд тухайн орон нутагтаа очоод долоо хоног ажиглалтад байх юм. Тэгвэл 0-17 насны хүүхдийг орон нутагт зорчиход түргэвчилсэн болон PCR шинжилгээ шаардахгүй. Харин Өмнөговь, Дорноговь аймаг руу ирэх сарын 15 хүртэл хөдөлгөөн хязгаарласан хэвээр байх бөгөөд зайлшгүй шаардлагатай тохиолдолд аймгийн онцгой комиссын зөвшөөрлөөр зорчино.
- Нийслэлд зах, худалдааны 103 төв байгаагаас нээгээгүй байсан 9 том захыг нээхээр болжээ. Тухайлбал, Нарантуул, Алтжин, Бөмбөгөр, Барс, Хархорин, Дүнжингарав, Сандэй, Шөнийн зах гэх мэт.
- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар буюу ресторан, кафе, сүлжээ хоолны газар давтан тунгаа хийлгээд 14 хоносон хүмүүст танхимынхаа 50 хувийг дүүргэн үйлчилнэ.
- Зочид буудал болон дэн буудлуудыг нээж байна.
- Амралтын газар, жуулчны баазууд нээгдэх бөгөөд зөвхөн гэр бүлийн хүрээнд, давтан тунгаа авсан хүмүүст үйлчилнэ.
- Сауныг 50 хувийн дүүргэлттэй давтан тун авсан хүмүүст үйлчлэхээр нээж байна.
Ингэснээр, бизнесийн 83 хувь нь хязгаарлалтгүй болж байгаа бөгөөд цаашид үлдсэн 7-8 төрлийн үйл ажиллагааг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн нээхээр төлөвлөж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээллийн үеэр тодотгов.