Турк хуванцар хаягдал импортлохыг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-05-20 16:55:51

АНКАРА. /The Guardian/. Их Британиас дахин боловсруулахаар экспортолсон хуванцар хаягдлыг шатааж хаясан байсныг тогтоосонтой холбогдуулан Турк улс ийм төрлийн хаягдлын импортыг хориглохоор төлөвлөж байна.


Greenpeace” байгууллагын мэргэжилтнүүд энэ оны гуравдугаар сард Туркийн зүүн нутгийн Адана хотын 10 газарт шалгалт хийхэд Их Британийн супермаркетуудын уут савлагаа олноороо олдсон юм.


БНХАУ 2018 онд хаягдал импортлохыг хориглосноос хойш Их Британи нь Турк руу хамгийн их хаягдал экспортолдог орон болжээ. Тодруулбал, 2016 онд 12 тонн хаягдал экспортолж байсан бол 2020 онд 209 642 тонн буюу нийт хаягдлынхаа 30 орчим хувийг экспортлох болжээ.


Гэвч Туркт хаягдлын дахин боловсруулалтын түвшин ердөө 12 хувьтай байгаа бөгөөд мэргэжилтнүүд “Tesco, Asda, Co-op, Aldi, Sainsbury’s, Lidl”, Marks & Spencer” компанийн савлагааг хаясан юм уу шатаасан байгааг олж тогтоосон байна.


Мөн Европын бусад орон ч хаягдлаа Турк руу экспортлох нь нэмэгдсэн бөгөөд тус улс руу өдөрт 241 ачааны машин хаягдал тээвэрлэж байгаа нь 2016 оныхоос 20 дахин өссөн үзүүлэлт ажээ. 

Холбоотой мэдээ