“Хамтдаа 100 жил” найрамдлын буухиа Эрхүү хотноо үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-05-20 20:16:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Хамтдаа 100 жил” найрамдлын буухиа Эрхүү хотноо өнөөдөр үргэлжилж байна.


Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн энэ үеэр, "Улаанбаатар, Эрхүү хот анх 1996 онд ах дүү хотын харилцаа тогтоосон. Үүнээс хойш 25 жилийн хугацаанд хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж байна. Хоёр хотын хамтын ажиллагаанд эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэн ялангуяа хотууд аялал жуулчлалын салбарт нягт хамтран ажилладаг. Үүний нэг илрэл бол Эрхүү хотноо зохион байгуулдаг “Байкалтур” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, Улаанбаатар хотноо болдог “Талын салхи” олон улсын мото наадам юм. Хойд Сибирийн Боловсрол, шинжлэх ухаан, соёлын том төв болсон Эрхүү хотын их, дээд сургуулиудад Монголын олон сэхээтэн, боловсон хүчинг бэлтгэж байсан бөгөөд одоо ч манай оюутан залуус амжилттай суралцаж төгсөн, улс орныхоо хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг энд онцолъё" хэмээв.    

   

Энэхүү цахим ёслолд Монголын талаас УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Г.Өнөрболор, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Харин ОХУ-ын талаас Эрхүү мужийн Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Р.Л.Ситников, Эрхүү хотын дарга Руслан Николаевич Болотов, Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал А.Р.Базархандаев тэргүүтэй төлөөлөгчид оролцов. 

Холбоотой мэдээ