Ц.Эрдэнэбаатар: Улсын хэмжээнд 16, нийслэлд 4 хоногийн бензиний нөөцтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-21 14:36:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд бензин 16, нийслэлд дөрөв хоногийн нөөцтэй байгааг АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдээллээ.


Бензинийг хязгаарлан худалдаалж буй шалтгаан нь гадаадаас орж ирэх шатахууны импортын хэмжээ багассан, үүнтэй холбоотойгоор бензин хомсдоно гэсэн ойлголтоор хэрэглэгчид хэвийн хэмжээнээс ихээр худалдан авч байгаатай холбоотойг тэрбээр тайлбарлалаа.


Хоёр долоо хоногийн өмнө 23 хоног, 7 хоногийн өмнө 18-19 хоногийн нөөцтэй байсан юм. 


Манай улс шатахууны хэрэглээнийхээ 95 хувийг ОХУ-аас, таван хувийг БНХАУ-аас импортолж байгаа. Үнийн хувьд БНХАУ-аас авах бензин ОХУ-аас авч байгаа үнэтэй адил, евро 5 стандартын бүтээгдэхүүн оруулж ирж байгааг АМГТГ-аас мэдээлэв.


Төвийн бүсэд 4-5 мянга орчим тонн буюу 4 хоногийн нөөцтэй байгаа бол баруун болон зүүн бүсийн аймгуудад шатахууны худалдаа хэвийн үргэлжилж байна.


Компани бүр импортын нөөцөө харилцан адилгүй хэмжээгээр бүрдүүлдэг бөгөөд Улаанбаатар хотод “Шунхлай” компани долоо, “Магнай трэйд” 2.5 хоногийн нөөцтэй байна. Энэ нь нийслэл хот дунджаар дөрөв хоногийн нөөцтэй гэсэн үг аж. 

Холбоотой мэдээ