Ж.Батбаясгалан: Найрамдлын буухиа уулзалтаар ирэх 100 жилийн харилцааны суурийг бэхжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-23 18:25:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна.


Ойг угтаж “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв хамтран “Хамтдаа 100 жил” найрамдлын цахим буухиаг энэ оны хоёрдугаар сараас зохион байгуулж байгаа. Найман сарын турш ОХУ-ын нийслэл Москва, Новосибирск, Барнаул, Горноалтайск, Кызыл, Эрхүү, Улаан-Үд хоттой цахим буухиа уулзалтыг зохион байгуулав.


Харин өнөөдөр энэ уулзалт Улаанбаатар-Чита хотын хооронд буухиалж, Монголын талаас УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Монгол Улс, ОХУ нь газар нутаг болон хоёр орны ард түмний хувьд салшгүй холбоотой, мөнхийн хөршүүд. Олон мянган жилийн найрамдалт харилцаа, орчин цагийн 100 жилийн дипломат харилцааны үр дүнд өнөөдөр манай хоёр орон стратегийн түнш хөршүүд болсон. Зөвхөн улс төр, дипломат харилцаа биш соёл, шинжлэх ухаан, урлаг гээд бүх салбарт хөгжүүлж буй жирийн харилцааг онцлох хэрэгтэй. Өнгөрсөн 100 жилд хоёр орон маш олон салбар чиглэлд хамтын харилцааг хөгжүүлсээр ирлээ. Тиймээс хоёр улсын хил дагуух бүс нутаг, хамтын ажиллагаат хотуудтайгаа цахим уулзалт хийж, төлөвлөсөн ажлаа дуусгах, ирэх 100 жилийн харилцааныхаа суурийг бэхжүүлэхэд энэ буухиа уулзалтын үр дүн оршиногэжээ.



Мөн МУ-ын баатар, Сансрын нисэгч Ж.Гүррагчаа “Улс орнууд хоорондоо дипломат хэлээр харилцах нь нэг хэрэг. Мөн “ардын дипломат” гэсэн сайхан харилцаа байдаг. Хоёр орны ард түмний санаа бодол, ахуй соёлоор дамжуулан дипломат харилцаагаа хөгжүүлэх нь үр дүнтэй. Монгол ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн 74нь Монгол Оросын найрамдлын нийгэмлэг үйл ажиллагаагаа явуулж, “ардын дипломат”-ууд их үүрэг гүйцэтгэсэн гэж боддог” хэмээв.


Найрамдлын  буухиа уулзалт  аравдугаар сард  Улаанбаатар-Элиста хотын  хооронд  болсноор  өндөрлөнө. 

Холбоотой мэдээ