Д.Золжаргал: Энэ удаад гурван жүжигчний орлон тоглогчоор ажиллалаа

Монголын мэдээ | Соёл урлаг
uransolongo49@gmail.com
2021-09-29 20:29:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын эхээр нээлтээ хийсэн, “Марвел” кино компанийн шинэ бүтээл "Shang-Chi and the Legend of the Ten Rings" буюу “Шан-Чигийн арван бөгжний домог” кино Хойд Америкийн бокс оффисыг дөрөв дэх долоо хоногтоо тэргүүлж байна.


​Үзэгчид болон кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа тус кино дэлхий даяар 363.4 сая ам. доллар, дотооддоо 196.5 сая ам.долларын орлого олж, цар тахал дэгдсэнээс хойш нээлтээ хийсэн кинонуудаас орлогоороо хоёрдугаарт бичигдэж байгаа талаар “Comscore” судалгааны фирмийн мэдээлэлд дурджээ.


"Шан-Чигийн арван бөгжний домог" нь “Марвел” кино студийн 25 дахь кино бөгөөд уг цуврал нь Ази супер баатартай анхны кино юм. Тус уран сайхны киноны Монгол дахь албан ёсны нээлт “Prime Cineplex” кино театрт энэ сарын 3-нд болсон юм.


Тус кинонд монгол залуус орлон тоглогчоор ажилласан бөгөөд тэдний нэг Д.Золжаргалтай ярилцлаа.




- Тус кинонд монгол орлон тоглогчид хэрхэн тоглохоор болсон бэ? Мөн өмнө нь ямар кино төсөл дээр ажиллаж байв?

- "Марвел" студийн Шанг-Чи киноны хамгийн эхний хэсэгт гардаг морьтой тулааны хэсэгт орохоор 10 хүний бүрэлдэхүүнтэй багийнхан 2020 оны нэгдүгээр сарын 13-наас арван нэгдүгээр сарын 5-ныг хүртэлх хугацаанд Австралид зураг авалтад оролцсон.


Анхандаа нэг сарын хугацаанд ажиллана гэж яваад есөн сар болчихоод ирсэн. 26 хоногийн зураг авалтад оролцоод буцах байсан ч биднийг “Та нар ур чадвартай байна. Дахин газрын тулааны шалгаруулалтад орооч” гэсэн санал тавьсан. Тэнд нь үндсэн орлон тоглогчдын буюу тулааны болон бусад шалгуурыг өгөөд Цэрэгбаяр, Болдбаатар, Наранбаатар болон миний бие Д.Золжаргал орчуулагч Мөнхнаран гэх таван хүн тэнцэж цааш үргэлжлүүлэн ажилласан. Будгэрэл маань нэг генералын дүрд орлон тоглогчоор тоглосон боловч тэр хэсэг киноны засварын дунд хасагдчихсан. Харин Цэрэгбаяр гол дүрийн дайсан Вэн Вүгийн морьтой хэсэгт орлон тоглосон. Манай холбооноос одоогоор 2013 онд “Марко Поло”, 2018 онд “Мулан”, 2020 онд "Шанг-Чи" зэрэг төсөл дээр ажиллаад байна.


- “Мулан” киноны ямар хэсэгт орлон тоглогчоор ажилласан бэ? Хэдэн хүний бүрэлдэхүүтэй явсан бэ?

- “Мулан” бүрэн хэмжээний уран сайхны кинонд эзэнт гүрний цэргүүд, хааны хамгаалагчийн дүрд буюу морин дээр уналт хийж харвуулж үхэж буй аюултай хэсэгт тоглосон. Ер нь бол бүх морины буюу Хятад болон Монгол хэсгүүдэд Монголоос 54 хүний бүрэлдэхүүнтэй маш том баг Шинэ Зеланд руу явсан. 



- Киноны гол дүрд Симу Лю тоглож, түүний орлон тоглогчоор та ажилласан. Уг дүрд хэчнээн хүн орлон тоглосон бэ?

- Надтай хамт 6 хүн орлон тоглосон. Орлон тоглогч тус бүр өөр өөрийн гэсэн чадвартай байдаг. Жишээ нь миний хувьд морин дээр акробат үзүүлдэг, түүнээсээ эвсэлтэй болсон. Бусад орлон тоглогч нарын хувьд таэквондо, каратэ, бөх, самбо, хаданд авиралтаар хичээллэдэг хүмүүс байсан.


-Монголынхоо хэчнээн уран бүтээлд орлон тоглогчоор ажилласан бэ?

Монголдоо "Зангараг", "Үргээлэг 2", "Сахиулсан тэнгэр", "Говийн домог", "Single Ladies 4" гэх 5 бүтээлд орлон тоглогчоор ажиллаж байсан.


- “Монгол орлон тоглогчид”-ын холбоог хэзээ байгуулсан бэ. Хэчнээн гишүүнтэй вэ?

- Миний бодлоор бол 2018 онд Мулан явж эхэлсний дараагаар байгуулагдсан. Өмнө нь “Тэнгэрийн чоно”, “Аction crew” гээд хоёр тусдаа баг байсан. Гадаадын том кино уран бүтээлд ажиллахдаа Монгол Улсынхаа нэрэн дор нэгдэж, “Монгол орлон тоглогч” холбоо болон өргөжсөн. Манай холбоо мэргэжлийн 20 орчим орлон тоглогчтой. Нийт 40 орчим морь унаачтай. Холбооны үндсэн гишүүд гэвэл 10 гаруй хүн байдаг.




- Монголд орлон тоглогч бэлтгэх сургалт байдаг уу?

- “Аction crew” сургалт явуулдаг. Тэндээс маш олон залуу гарч ирж байгаа бөгөөд тэдэнтэй хамтран  “Мулан”, “Шанг-Чи”-д тоглосон.


- “Шанг-Чи” кинонд гол дүрээс өөр дүрд орлон тоглогчоор ажилласан уу?

- Би гурван жүжигчин буюу Шанг-Чи, Вонг болон нэг туслах дүрийн орлон тоглогчоор ажилласан.


- Монгол орлон тоглогчдын ур чадварыг хэрхэн үнэлэгдэж байв?

- Монгол орлон тоглогчид ур чадвараараа дутсан зүйл ажиглагдаагүй. Адилхан л хийх ёстой ажлаа хийсэн. 




- Орлон тоглогчийн ажил эрсдэл ихтэй. Зураг авах үеэр бэртэж гэмтэх зэргээр золгүй явдал тохиолдож байв уу?

- Үнэхээр, орлон тоглогч бол хамгийн эрсдэлтэй ажил. Юу хийж байгаагаас шалтгаалаад гэмтэж бэртэх нь ойлгомжтой байдаг. Жишээ нь, би сая Шанг-Чи кинонд тоглож байхдаа бэлтгэл дээр унаж байх явцад хамгаалалтын олсонд орооцолдоод хоолойгоо боолгуулж амиа алдах дөхсөн.


Энэ ажлыг хийхийн тулд бид маш олон талын бэлтгэлийг тогтмол хийдэг. Зэвсэгтэй харьцах, морь унах, машин барих, өндрөөс унах, усанд сэлэх гэх мэт олон төрлөөр бэлтгэл хийж байж гол дүрийн жүжигчний хийж чадахгүй бүх эрсдэлтэй хэсгүүдэд ажилладаг гэсэн үг.


- Орлон тоглогчид мэргэжлийн жүжигчин хүмүүс байх ёстой юу, тамирчин хүн байдаг уу?

- Ер нь орлон тоглогч хүнээс бүх талын ур чадвар шаарддаг. Тэгэхлээр аль аль нь байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, яг л тамирчин хүн шиг биеэ авч явдаг. Хооллолт бэлтгэл сургуулилт гээд гэхдээ мөн жүжиглэх ур чадвартай хүмүүс байдаг.


- Ирээдүйд энэ чиглэлээр явах хүсэлтэй хүмүүст та юу зөвлөх вэ?

- Одоо шинээр гарч ирж байгаа залууст маш том боломжууд нээгдсэн байна. Өөртөө итгээд хийх гэсэн зүйлээ зоригтойгоор хийж заавал мөрөөдөлдөө хүрээрэй, битгий шантраарай гэж хэлмээр байна.




- Цаашдын зорилго, хүсэл мөрөөдлөөсөө хуваалцана уу?

- Өөрийгөө улам их хөгжүүлэхийг хүсэж байна. Гаднын төслүүд дээр ажиллаж сурч мэдсэн зүйлсдээ тулгуурлаад Монголынхоо уран бүтээлчидтэй хамтран Холливудын хэмжээний уран бүтээл хийх мөрөөдөлтэй байгаа. Мөн дэлхийд Хятад гэхээр Кунг-фу гэж шууд толгойд буудаг шиг Монголыг тодорхойлох хэмжээний таних тэмдэг болох төрөлжсөн зүйл гаргахад чадах чинээгээрээ хөрөнгө оруулалт хийж тусалмаар байна.





Холбоотой мэдээ