З.Мэндсайхан: Мах боловсруулах үйлдвэр байгуулах гэрээний хэлцлийг энэ онд хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-11-16 13:42:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас манай орны зүүн бүсийн Дорнод, баруун бүсийн Ховд мөн Булган, Архангай аймагт бүсчилсэн байдлаар махны үйлдвэр байгуулна.


Эрчим хүчний нөөц, малын төвлөрөл, шилжилт хөдөлгөөн, тээвэр ложистик зэргийг харгалзан эдгээр аймгийг сонгожээ. Үйлдвэрүүдийг БНХАУ-ын тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар барих юм. Нийт 75 сая ам.долларын төсөвтэй.


Үйлдвэрүүдийн ТЭЗҮ-ийг тухайн тендерт шалгарсан аж ахуйн нэгж хийж гүйцэтгэн салбарын яаманд хүлээлгэн өгсөн бөгөөд Монгол Улс, БНХАУ-ын талаас ажлын баг гарган гэрээний хэлцлийг энэ ондоо багтаан хийж дуусгахыг зорьж байна.


“Хэлцэл амжилттай болбол ирэх онд үйлдвэрүүд барьж эхлэн, 2024 он гэхэд жишиг үйлдвэрийг ашиглалтад оруулна. Үйлдвэрүүд жилийн дөрвөн улирал харгалзахгүйгээр, мах боловсруулах үйлдвэрлэлийг тогтвортой явуулна. Хажуудаа 20-30 мянган толгой малыг вакцинжуулж эрүүлжүүлэн, тусгаарласны дараа тэжээж мах бэлтгэлд оруулах тогтмол үйл ажиллагаа явуулна. Тэжээлийн аж ахуй ч дэргэд нь цогцоор байх юм. Ингэснээр энэ үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой. Энэ нь 2500 хүнийг ажлын байраар хангана” гэж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр тэмдэглэлээ.


Энэ ажил нь Засгийн газраас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэх чиглэлд боловсруулах үйлдвэр, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүн бий болгохоор хөтөлбөрийн хүрээнд хийж буй томоохон ажлын нэг аж. 

Холбоотой мэдээ