Англи, япон, хятад хэлээр эсээ бичих уралдааны шилдэг оролцогчид тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-12-27 16:30:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улс орныхоо өнгөрсөн түүхийг өнөөгийн хүүхэд залуус хэрхэн үзэж байгааг англи, хятад,  япон хэлээр бичсэн эсээ бичлэгүүдээс мэдэж болно. Тухайлбал, “Дархан Эмпати” сургуулийн сурагч Б.Дэлгэрмаа бичихдээ, улс орны түүхэн ололт амжилт гэдэг бол ирээдүйд өвлөж үлдэх агуу их ач холбогдолт үйл явдлаар тодорхойлогдоно. Хүнээр зүйрлэж хэлбэл, тухайн хүний өсөлт хөгжлийн үндэс болсон томоохон өөрчлөлтийг авчирсан үйл явдал юм хэмээн бичжээ.


Дархан-Уул аймгийн “Дархан Эмпати” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч тэрээр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойн нэрэмжит эсээ бичлэгийн уралдааны япон хэлний ангилалд тэргүүлсэн юм.


МОНЦАМЭ агентлаг нь орос хэлээр “Новости Монголии”, англи хэлээр “Mongol Messenger, хятад хэлний “Мөнгү Шяоши Бао”, япон хэлээр “Монгорү Цүүшин” сониныг эрхлэн гаргадаг. Эдгээр сониноос “Орчин үеийн Монгол Улсын 100 жилийн түүхэн ололт, амжилт” сэдвээр ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдааныг улсын хэмжээнд зарлан дүгнэж, өнөөдөр түрүүлсэн сурагчдын шагналыг гардуулсан юм. Япон хэлний уралдаанд нэгдүгээр байрт “Дархан Эмпати” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Дэлгэрмаа, хоёрдугаар байрт “Шинэ үе” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ито Батнайдвар Кен, гуравдугаар байрт “Номт Наран” сургуулийн сурагч Г.Цог-Учрал шалгарчээ.



Харин хятад хэлээр эсээ бичих уралдаанд “Найрамдал” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Хангал тэргүүлж, удаах байруудад “Үй Цай” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Цэлмүүн, “Дархан Цай хун” сургуулийн сурагч Э.Минжин, тусгай байрт “Найрамдал” сургуулийн сурагч О.Хүсэлбаатар нар шалгарчээ.


Англи хэлээр хэвлэгддэг "Mongol Messenger" сонины эсээ бичлэгийн гурав дахь удаагийн уралдаанд Монгол, Оросын хамтарсан сургууль, Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хот дахь салбар сургууль, "Ирээдүй цогцолбор", "Орчлон", "Монгол тэмүүлэл", "Сант" болон 1, 23 дугаар сургуулийн 30-аад сурагч идэвхийлэн оролцжээ. 

Нэг сая төгрөгийн шагналын сантай уг уралдааны тэргүүн байрыг "Орчлон" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Л.Тэнүүн эзэлж цом, батламж, 500.000 төгрөгөөр шагнууллаа. Дэд байрыг "Сант" сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Энхбаяр, гуравдугаар байрыг Монгол, Оросын хамтарсан сургуулийн 11д ангийн сурагч Б.Билгүүн нар эзэлж тус бүр цом, батламж,  300.000 болон 200.000 төгрөгийн шагнал гардан авлаа. Тэргүүн байрт шалгарсан Л.Тэнүүний эсээ бичлэгийн үгийн сонголт, өгүүлбэрийн зохион байгуулалт, найруулга сайн байсан төдийгүй үзэл бодлоо яруу тодорхой илэрхийлснээрээ онцгойрон ялгарч байсныг шүүгчид тэмдэглэж байв. 


Шагналыг МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд, Гадаад мэдээний нэгдсэн редакцийн ерөнхий редактор Л.Батбаяр , Япон сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Т.Наранмандухай, Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвийн багш Мицүмото Томоя, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн ахлах мэргэжилтэн Хурц нар гардуулж, БНХАУ-ын мэдээллийн “Синьхуа” агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч Асгат зочноор оролцлоо. Япон хэлний уралдаанд түрүүлсэн хүүхдүүдэд Япон улсын ЭСЯ-наас мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэсэн юм.



Ташрамд дурдахад, япон хэлний эсээ бичлэгийн уралдаанд түрүүлсэн Б.Дэлгэрмаа охин Японы талаарх ойлголтыг нэмэгдүүлэх сурагч солилцооны “Jenesys” хөтөлбөрт хамрагдах эрхийн бичгээр шагнууллаа. Тэрээр шагнал гардсаныхаа дараа "Миний мөрөөдөл биелж байгаад маш их баяртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан бол, хятад хэлний уралдаанд тэргүүлсэн сурагч Б.Хангал,  эсээ бичлэгийн уралдаан нь хүүхэд бидний эх түүхийн мэдлэгийг өргөжүүллээ хэмээн ярив. 




Шагнал гардуулах ёслолыг МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд нээж хэлэхдээ, “Бид гадаад хэлээрх сонинуудынхаа уламжлалт уралдааныг 5 дахь удаагаа зохион байгуулж, энэ жил МОНЦАМЭ агентлагийн түүхт 100 жилийн ойд зориулан нэрэмжит болгон явууллаа. Уралдааныхаа сэдвийг ч Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойтой холбосон"-ыг тодотгоод, “Новости Монголии” сонины нэрэмжит орос хэлний эсээ бичлэгийн уралдаан энэ оны 3 дугаар сард болж шилдгүүдээ тодруулсныг дурдаж, энэ удаагийн уралдааны шүүгч, япон, хятад хэлний багш нар, хамтран ажилласан Япон, БНХАУ-ын ЭСЯ, олон улсын байгууллагууд, МУИС, оролцсон бүх хүүхдэд талархал илэрхийлэв.


МОНЦАМЭ агентлаг ЕБС-ийн 11-12 дугаар ангийн сурагчдын дунд гадаад хэлээр эсээ бичлэгийн уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг нь сонины уншигчидтай харилцаа холбоогоо бэхжүүлэх, мэдээллийнхээ хүрээг тэлэх, хүүхэд залуусын гадаад хэлний мэдлэгийг улам өргөжүүлэн баяжуулахад туслах олон зорилготой юм. 

Холбоотой мэдээ