Б.Төөрүүл: “Нэг сум-нэг стандарт” аяныг өрнүүлнэ

ОРОН НУТАГТ | УВС
batkhuu@montsame.mn
2022-01-25 21:57:45

Увс /МОНЦАМЭ/ Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Төөрүүлтэй ярилцлаа. Тус сум 2022 оныг тохижилт, бүтээн байгуулалтын жил болгон зарлажээ.


-Цагаанхайрхан сумын хувьд хуучин оноо ямар амжилтаар үдэв?

-Цагаанхайрхан суманд цас багатай, дулаахан өвөл болж байна. 2021 оны тухайд ололт, амжилт дүүрэн жил байлаа. Сумын уугуул, суугуул иргэдээс Хөдөлмөрийн баатар, Олимпийн аваргууд төрлөө. Мөн гавьяат 5, төрийн болон яам, салбарын шагналаар 100 гаруй хүн шагнуулсан байна. Мал аж ахуйн салбарт улсын аварга малчин 1, аймгийн аварга малчин 5, мянгат малчин 11 тодорлоо. Цар тахлын хүнд үе хэдий ч төлөвлөсөн ажил нэг бүрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн. Жилийн ажлын төлөвлөгөөг сумын ИТХ-аар хэлэлцээд 94,7 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн. ОНХС-гийн хөрөнгөөр 19 ажил төлөвлөсний 18-ыг нь 100 хувь хийж гүйцэтгэсэн байна. Хангилцагийн голын гүүрийн засварын ажил 70 хувьтай хийгдсэн.

-Цар тахлын үед хэрхэн ажиллаж байна вэ?

-Цар тахалтай холбоотой сумын онцгой комисс 25 удаа хуралдаж, 85 шийдвэрийг хэрэгжүүлэн ажилласан байна. Өнгөрсөн хугацаанд халдвар хамгааллыг сахиж, урьдчилан сэргийлэх, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөж ажилласан. Нийт 100 гаруй албан хаагч пост, цэгүүдэд ажилласан. Ямарваа ажлыг зохион байгуулалттай, төлөвлөж хийвэл үр дүнд хүрдэг. Энэ ч утгаараа манай суманд коронавирусний халдвар хамгийн сүүлд бүртгэгдэж, вакцины хамрагдалтаараа ч аймагтаа тэргүүлж байна.

Мөн сургууль, цэцэрлэг танхимаар хичээллэсэн цөөн хэдэн сумдын нэг болсон. Тэрчлэн иргэд 5 төрлийн даатгалын хамрагдалтаар аймагтаа тэргүүлсэн, төсөв санхүүгийн зөрчилгүй 5 сумын нэг болсон. Аймаг, орон нутгийн татварын орлогыг давуулан биелүүлсэн зэрэг амжилтаар шинэ онтойгоо золголоо.

-Суманд суурин амьдрахад ажлын байр чухал. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?

-Өнгөрсөн онд байнгын ажлын байраар 46, түр ажлын байраар 340 иргэнийг хангасан. Аймагтаа хамгийн их ажлын байр бий болгож, ажилгүйдэл 37,3 хувиар буурсан. Ажлын байр нэмэгдэхийн хэрээр өрхийн орлого, амьжиргааны түвшин дээшилдэг тул аль болох ажлын байрыг олноор бий болгох чиглэлд анхаарч ажилласан. Энэ хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэх эхлэлийг тавилаа. Тухайлбал тахианы аж ахуйг дэмжиж, өмнө нь 10 тахиатай байсан аж ахуйд Сум хөгжүүлэх сангийн 25 сая төгрөгийн зээл олгосон. Өдгөө тус аж ахуй 200 тахиатай болж сумынхаа өндөгний хэрэгцээг хангаж байна. Мөн мод модон эдлэл, газар тариалангийн үйлдвэрлэл, малжуулах төслийн хүрээнд цөөнгүй ажлын байр бий болгосон. Нэг хүн 2 ажлын байранд ажилладаг давхцалыг арилгаж, сул орон тоонд мэргэжлийн хүмүүсийг нөхөн ажиллуулсан.

-Энэ онд танай суманд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ямар ажлууд хийгдэх вэ?

-2022 оныг онцгой жил гэж харж байна. Ирэх жил манай сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохионо. Энэ хүрээнд 100 бүтээлч ажлын төлөвлөгөө гаргаад байна. Түүхт ойгоо амжилт, бүтээлээр дүүрэн угтахын тулд энэ оныг тохижилт, бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, хөгжлийн төлөвлөгөөндөө 116 ажил хийхээр тусгасан. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар спортын цогцолбор барих, Хангилцагийн голын гүүр барих, баяр наадмын талбай засварлах, хүүхдийн паркийн тохижилт зэрэг ажил хийнэ.

ОНХС-гийн хөрөнгөөр 19 ажил хийхээр төлөвлөсөн. Багийн дарга, эмч нарыг унаажуулна. Ингэснээр төрийн үйлчилгээ чирэгдэлгүй, хүртээмжтэй болох юм. Мөн цаг уурын станцын хашааг өргөтгөх, цэцэрлэгийн гадна тоглоомын талбай байгуулах зэрэг ажилд нийт 300 гаруй сая төгрөг зарцуулна. Төлөвлөсөн ажил нэг бүрийг цаг хугацаа алдахгүйгээр бүтээлчээр хийнэ.

-Албан хаагчдад ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Би нэгдүгээрт ажлын цаг барих шаардлага тавьдаг. Өглөө цагтаа цуглаж чадахгүй бол ажлаа ярьж чадахгүй, ажлаа ярьж чадахгүй бол ажил явахгүй гээд уялдаа холбоотой байдаг. Дараа нь хийх ажлаа төлөвлөж сурах. Ажлаа төлөвлөдөггүй хүн амжилт гаргадаггүй, мөн ажлыг хойш тавьснаар тухайн хүнд ачаалал үүсдэг. Эцэст нь төлөвлөсөн ажлаа цагт нь хийх, хийсэн ажлаа ярих, тайлагнах, иргэдэд хүргэх чадвартай байх нь чухал гэдгийг хэлдэг. Хэчнээн их ажил хийлээ гээд олонд тайлагнаж чадахгүй бол хэн ч тэр хүнийг үнэлэхгүй шүү дээ. Үүнтэйгээ уялдуулаад ажилчдын нийгмийн асуудал, ажиллах нөхцөл боломжийг сайжруулахад анхаарч байгаа.

-Суманд тулгамдаж байгаа асуудал юу байна?

-Өнөөдөр манай суманд иргэд эрүүл, аюулгүй, тохилог орчинд амьдрах нөхцөл бүрдэхгүй байна. Тухайлбал сумын шатахуун түгээх станцууд төвдөө байрлаж байгаа нь иргэд хоёр том тэсрэх бөмбөг дунд амьдарч байна гэсэн үг. Уурын зуух нь сургуулийн үүдэнд, өвлийн улиралд утаа тортог үүсгэдэг. Энэ талаар иргэд тогтмол гомдол мэдүүлж байна. Бас нэг асуудал нь 50 сая төгрөгийн өртөгтэй нийтийн халуун усны газар барьсан ч ашиглалтад ороогүй 4 жил болж байна. Тухайн компани чанаргүй барьснаас гадна хүлээлгэж өгөлгүй өдийг хүрлээ. Иймд хууль, хяналтын түвшинд асуудал яригдаад явж байна. Газар зохион байгуулалтын төлөвлөлтгүй, айл өрх, албан байгууллагуудын байршил, зохион байгуулалтгүй, иргэдийн дунд газрын маргаан их үүсэж байна.

Иймд энэ онд сумын төвийн тохижилтын ажилд анхаарна. “Нэг сум-нэг стандарт” аяныг өрнүүлэн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хашаа, байгууламжийн өнгө төрхийг шинэчилж тогтсон загварт оруулах, хаягжуулах ажлыг хийхээр зургийн ажил, материал татан авалт хийсэн. Ирэх 4 дүгээр сарын 1-нээс уг ажил эхэлнэ. Миний хувьд 250 гаруй сумаар явж үзсэн туршлагаасаа харахад манай сумын хөгжил, өнгө төрх хоцрогдсон байна. Ямар ч хүн амын бодлого бариагүйгээс суурин амьдрах хүн амын тоо буурсан зэрэг тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай олон ажил биднийг хүлээж байна.

-Малчдын аж амьдрал хэр байна вэ?

-Жилийн эцсийн мал тооллогоор 234.046 толгой мал тоолуулж, өнгөрсөн оноос 12,5 хувиар өслөө. Сумын хэмжээнд 320 малчин, мал бүхий 102 өрх байгаа нь нийт хүн амын 83 хувийг эзэлж байна. Сүүлийн үед залуусын мал маллах сонирхол нэмэгдсэн. Иймд ирэх 3 дугаар сард малчдын чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ үеэр ахмад, дунд, залуу үеийн малчид тулгамдсан асуудлаа хэлэлцэж, санал бодлоо солилцон, туршлагаа хуваалцах үр дүнтэй ажил болно.

Ингээд нутгийн зон олон болон нийт Увсчууддаа XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн Сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ