ДАРХАН-УУЛ: Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд 300 сая төгрөг баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-24 08:52:06

Дархан /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дархан-Уул аймаг “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийг баталж арван жилийн хугацаанд 20 сая мод тарих төлөвлөгөө гаргасан.

2023 онд Ногоон Дархан-2032 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд 300 сая төгрөгийн төсөв баталсан аж. Үүнд хотын ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц хороолол дундах ногоон байгууламжийг нэмэгдүүлж, 5150 м.кв талбайд ногоон байгууламж байгуулна. Мөн Дархан сумын 13, 14, 16 дугаар багийн нутаг дахь ногоон байгууламжид 25.435 ширхэг мод бут тарихаар төлөвлөжээ.





"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн жил 1.2 сая мод, бут тарьсан. Харин энэ жилийн тухайд Хонгор сумын нутагт 10 га талбайд шилмүүст модны тарьцаар ойжуулалт хийх ажлыг 12 сая төгрөгөөр, хоёр га талбайд навчит модны суулгацаар ойн зурвас байгуулах ажилд 22.5 сая төгрөг, Орхон суманд хоёр га талбайд навчит модны суулгацаар ойн зурвас байгуулах ажилд 22.5 сая төгрөг зарцуулах аж.




Ногоон Дархан-2032 хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ирэх арван жилийн хугацаанд дараах үр дүнг хүлээж байна. Үүнд:

Амины болон нийтийн зориулалтын орон сууцны хороолол дундах 18.4 га талбайд ААНБ-ын эзэмшлийн 6.3 га талбайд ногоон байгууламжтай болсон байна. Иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд эзэмшил газрынхаа 10 хувьтай тэнцэх талбайгаар тусгайлан заасан 11000 га талбайд ногоон байгууламж байгуулах. Мөн нийтийн эзэмшлийн 161.3 га талбай ногоон байгууламжтай болохоор төлөвлөжээ. Мөн ойжуулалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын ойн зурвас 4501 га талбайд шинээр байгуулж, аймгийн хэмжээнд стандартын шаардлага хангасан тарьц, суулгацын нөөц бүхий мод үржүүлгийн газруудтай гэж хөтөлбөрт тусгасан аж.




Ногоон Дархан-2032 хөтөлбөр хэрэгжсэнээс хойш ойгоос мод шилжүүлэн суулгах ажил хийгдээгүй бөгөөд тарьц, суулгацаар мод тарих ажлыг үргэлжлүүлж байна.

Ташрамд, аймгийн хэмжээнд 74 ойн нөхөрлөл 70.8 мянган га талбайг гэрээгээр эзэмшиж8 ойн санг хамгаалах ажил хийж байна. 

Холбоотой мэдээ