Талууд Эгийн голын усан цахилгаан станц байгуулах асуудлыг нарийвчлан судлахаар ярилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
doljinsuren@montsame.gov.mn
2023-10-18 09:14:36

Бээжин, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гурав дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна.

Тэрбээр 10 дугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбарт бүтээн байгуулалтын томоохон, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх нь чухал болохыг онцлов.

Уулзалтын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин " Манай хоёр улс "Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл" -ийн тухай гэрээ байгуулсан. Манай хоёр орны харилцаанд хэлэлцэх асуудлууд байгаа. Үүнийг Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар авч хэлэлцэх нь зүйтэй. Мөн манай хоёр талын хооронд олон чухал ач холбогдолтой төслүүд бий. Үүний нэг нь БНХАУ-ыг оролцуулсан гурван улсын хооронд байгалийн хийн хоолой тавих төсөл юм. Энэхүү төсөл дээр гурван тал санал нэгдсэн бөгөөд одоо зөвхөн хэрэгжүүлэх л үлдлээ" хэмээн хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх "ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Мөн таны хэлсэнчлэн манай хоёр улс 2019 онд "Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл" -ийн тухай гэрээг хугацаагүйгээр байгуулсан" гээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг Монгол Улсад айлчлахыг урилаа.

Уулзалтын хүрээнд Монгол Улсаас ОХУ-д нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд ноогдуулж буй татварын хэмжээг бууруулах асуудлыг ойрын өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр Ерөнхийлөгч нар тохиров.


Төрийн тэргүүн нар Монгол, Оросын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэл хийх, Монгол Улсын баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замуудын бүтээн байгуулалтад хамтран ажиллах талаар санал солилцов.

ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлж, тогтвортой хангахаа Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдсэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв.

Монгол Улсын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны хүрээнд Эгийн голын усан цахилгаан станц байгуулах асуудлыг талууд нарийвчлан судлахаар болов.

Хоёр улсын төрийн тэргүүний уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Засгийн газрын орлогч дарга А.В.Новак, Эдийн засгийн хөгжлийн сайд М.Г.Решетников, Тээврийн сайд В.Г.Савельев, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозёров, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер, “Роснефть” НХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.И.Сечин нар хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, саналаа танилцуулав.


Хоёр улсын төрийн тэргүүн ирэх жил тохиох Халхын голын хамтын ялалтын 85 жилийн ойг хамтран тэмдэглэх нь хоёр улсын дайчин нөхөрлөлийг мөнхжүүлж, залуу, хойч үед түүхэн үнэнийг таниулахад чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв.

Түүхт ялалтын баярт оролцох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг Ерөнхийлөгч В.В.Путин талархан хүлээн авлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар хоёр орны соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх нь чухлыг онцлон тэмдэглэв.


Холбоотой мэдээ