Б.Дэлгэрсайхан: Улаанбаатарыг метротой болгох төслийн хүрээнд олон улсын тендер зарлана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийг хөгжүүлэх, 2024-2027 онд метротой болох ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас даалгажээ.
Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан "Метрог барих төслийн ТЭЗҮ болон зураг төслийг яаралтай боловсруулах үүргийг Засгийн газраас өглөө. ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулахтай холбоотой хөрөнгийг нийслэлийн төсөвт тусгана. Төслийн хүрээнд олон улсын тендер зарлана" хэмээн мэдээлэв.
Метрог Амгалангаас Яармаг хүртэл хөндлөн чиглэлд 22,3 км-т барих аж. Уг төслийн урьдчилсан тооцоо, эх үүсвэрийн талаар судалж, шийдвэрлүүлэх саналыг энэ онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх юм.