Эрчимжүүлэх шаардлагатай төслүүдэд бодит үр дүн гаргаж ажиллахыг үүрэг болголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ оны эхний хагаст хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай зарим төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ.
“Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”, Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд туссан болон Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй байгаа зарим төсөл, арга хэмжээг яаралтай эхлүүлэх, эрчимжүүлэх шаардлагатай 75 төсөл, арга хэмжээ байгаа аж.
Жагсаалтад туссан нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэхүйц хөгжлийн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, оны эхний хагас жилд бодит үр дүн гаргаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгож, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хандсан Ерөнхий сайдын албан даалгавар гаргахаар тогтсон байна.
Засгийн газрын өнгөрсөн оны сүүлчийн хуралдаанаар 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан юм. Тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар оны эхний 100 хоногт хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарт албан даалгавраар үүрэг болгожээ.