Хиймэл оюуны технологид суурилсан бичлэгийг сонгуулийн үеэр ашиглах магадлалтайг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хиймэл оюуны технологид суурилсан бичлэг сонгуулийн дүнд хэрхэн нөлөө үзүүлсэн талаарх гадны орны жишээг дурдсаны зэрэгцээ энэ төрлийн хуурамч контентын эрсдэлээс сэргийлж шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг чиглэл болгов.
Түүнчлэн гишүүд сонгуулийн явцад нийгмийн сүлжээний зүй бус нөлөөллөөс сэргийлэх шийдэл, төлөвлөгөөний талаар тодруулж байлаа. Манай улс нийгмийн сүлжээний хэрэглээгээрээ Азид тэргүүлдэг гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч Т.Сүхболд хэлээд “Цагдаагийн байгууллагын зүгээс цахим орчин, нийгмийн сүлжээн дэх хуурамч хаягуудыг илрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 40 хүний бүрэлдэхүүнтэй байсныг 80 болгон өргөжүүлж, техник хэрэгсэл, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх олон ажлыг хийсэн. Гэсэн ч технологи өдөр тутам шинэчлэгдэж байгаа тул зэрэгцэж ажиллахын тулд бид техникээ шинэчлэх шаардлага үүсдэг. Цахим орчин, нийгмийн сүлжээнд хуурамч хаяг нээж бусдад гэм хохирол учруулах, хуурамч мэдээлэл тараах зэрэг гэмт хэргийн илрүүлэлт өнгөрсөн онд 50.3 хувиар нэмэгдсэн” гэв.
Цаашид энэ чиглэлээр хяналт тавих, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах боломж бий гэдэг мэдээллийг тэрбээр өгөөд “Олон улс болон Монгол Улсын хууль тогтоомжид хүлээн зөвшөөрсөн зориулалтын төхөөрөмжийг интернэтийн сүлжээнд тавих боломжтой" гэв.
Одоогийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд цагдаагийн байгууллагаас хуурамч хаягийг илрүүлж байгаа ч хаах, үйл ажиллагааг нь хязгаарлах ямар ч бололцоо байхгүй аж. Илрүүлсэн хуурамч хаягуудын жагсаалтаа Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлдэг. Тус байгууллагаас тухайн сүлжээний үндсэн байгууллага руу хүсэлт илгээхэд 2-3 хоногийн дараа хариу өгөх эсвэл 3 сар хариу өгөхгүй байх тохиолдол ч байдаг байна. Харин холбогдох шийдлүүдийг хэрэгжүүлснээр хуурамч гэдэг нь тогтоогдсон бол тухайн хаягийг 1-3 цагийн дотор хаах, хязгаарлах боломжтой. Тиймээс энэхүү асуудлыг дотооддоо шийдвэрлэх эрх зүйн орчин, механизм, техникийн шийдлээ бүрдүүлэн ажиллах нь илүү үр дүнтэй хэмээн Т.Сүхболд хуралдааны үеэр танилцуулж байсан юм.