М.Ариунжаргал: Алдарт эхийн 1 дүгээр одонгоор шагнуулсандаа баяртай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-05-30 17:19:30
altantogos

Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Гурвансайхан сумаас С.Баярмаа, Н.Насанжаргал, Ц.Шинэцэцэг, М.Янжингарав, М.Ариунжаргал, П.Цэрэндулам, Т.Хонгорзул нарын 7 ээж өнөөдөр “Алдарт эх” 1,2 дугаар одонгоор шагнуулжээ. Тус сумын одонтой ээжүүдийн төлөөлөл, 6 хүүхдийн ээж М.Ариунжаргалтай ярилцлаа.


-Энэ сайхан өдөр "Алдарт эх"-ийн 1 дүгээр зэргийн одонгоор шагнуулсанд баяр хүргэе.

-Өнөөдөр Алдарт эхийн 1 дүгээр одонгоо авсандаа маш их баяртай байна. Би 2016 онд 2 дугаар одонгоор шагнуулж байсан.  


-Нутаг ус, гэр бүлээ танилцуулах уу?

-Би Гурвансайхан сумын Чулуут багийн малчин. Би өөрөө Хулд сумын уугуул. Нөхөртэйгөө гэр бүл болж, энэ нутгийн бэр болж ирээд 14 жил болсон байна. Нэг хүү, таван охинтой. Том охин маань энэ жил 8 дугаар ангиа төгсөж байна, бага охин маань хоёр нас хүрч байгаа.


-Малаа маллаж, хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлнэ гэдэг маш их хөдөлмөр. Танаар бахархаж байна?

-Малчин бид цаг наргүй л ажилладаг. Зургаан хүүхдийн маань 4 нь аймгийн төвд сурч байгаа. Мал маллах цаг наргүй ажил гээд бид хүүхдүүдээ хаях ёсгүй болохоор зохицуулаад болж байна. 

Манайх өнгөрсөн жил аймгийн “Аварга малчин өрх” болсон. Хань маань морь уяна. Энэ жил манай сумын 100 жилийн ой тохиож байгаа болохоор бүр ч завгүй. Малчин хүний хөдөлмөр энэ мэт хөвөрч байдаг, бид ч амжуулж л байдаг даа.


-Алдарт эхийн 1 дүгээр одонгоо аваад зогсож байхад ямар сэтгэгдэл төрөв?

-Энэ шагнал бол бид хоёрын улс эх орондоо 6 иргэн нэмж, хүмүүжүүлж байгааг баталсан маш сайхан, хүндтэй шагнал. Тийм болохоор чин сэтгэлээсээ баярлаж байна.

Бас маш сайхан бэлтгэж, хүндэтгэлтэй хандаж байгаад талархаж байна. Цэцэг авч, улаан хивсэн дээгүүр алхан орж ирэх мэдрэмж их сайхан байсан.

Өнөөдөр надтай хамт алдраа тэмдэглэж, одонгоо зүүсэн ээжүүддээ баяр хүргэе.

Зургаан сайхан үрдээ, хоёр ээждээ, аавдаа, халамжит ханьдаа маш их баярлалаа гэж хэлье.


-Баярлалаа. Гэр бүлд нь аз жаргал хүсье.!







Холбоотой мэдээ