Агаарын тээвэр, төмөр зам, далайн тээврийн салбарт хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улс Бүгд Наймардах Социалист Вьетнам Улстай агаарын тээвэр, төмөр зам, далайн тээврийн салбарт хамтран ажиллана.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНСВУ-ын Тээврийн сайд Нгуен Ван Танг болон холбогдох албаны төлөөлөгчидтэй өчигдөр уулзлаа. Уулзалтын эхэнд тэрбээр, “Тээврийн сайд ноён Нгуен Ван Танг-тай өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д зохион байгуулсан Тогтвортой тээврийн уулзалтад оролцох үеэрээ уулзсан. Харин одоо таныг Монгол Улсад айлчлан ирж, хоёр улсын тээврийн салбарын харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх, Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсанд талархаж байна. Цаашид манай хоёр улсын тээврийн салбар илүү өргөн хүрээтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Хоёр улсын
худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд газар зүйн хувьд алслагдмал
байдал, зам тээвэр,
логистикийн холболт сул байгаа нь саад бэрхшээл учруулж байна. Тиймээс агаарын
тээвэр, төмөр зам, авто замын тээврийн холбоосуудыг нэмэхэд анхаарах
шаардлагатай байгааг уламжиллаа. Мөн хоёр талын төмөр замын тээврийн хамтын
ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Монгол, Вьетнамын төмөр замын байгууллагын
хамтарсан уулзалтыг энэ оны
сүүлийн хагаст зохион
байгуулах санал тавьжээ.
Талууд уулзалтаар хоёр улсын хооронд аялал жуулчлал,
худалдаа, эдийн засгийн ажиллагаа эрчимжиж байгаатай холбогдуулан Вьетнам улсын
агаарын тээвэрлэгчийг хуваарьт нислэг нээх тухай, хуурай боомтын талаар
харилцан туршлага хуваалцах, хөрөнгө оруулахад хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
БНСВУ-ын Тээврийн сайд Нгуен Ван “Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буй чухал үедээ явж байна. Хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа ид өрнөж байгаа ч цаашид өргөн хүрээнд хамтран ажиллана гэж бодож байна. Тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хамтарсан уулзалтыг бүрэн дэмжиж байна. Агаарын тээврийг хөгжүүлэхэд хоёр улсын хооронд шууд нислэг хийх саналыг холбогдох газруудаас авсан. Энэ зөвшөөрлийг удахгүй олгоно. Шууд нислэгийн дүнд улс орон, иргэд хоорондын найрамдалт харилцааг сайжруулах, аялал жуулчлал хөгжих олон талын ач холбогдолтой. Манай улсын Тээврийн яам боловсон хүчин бэлтгэх, далайчдыг сургах, хуурай боомтын чиглэлээр туршлага солилцон, хамтран ажиллах боломжтой” хэмээснийг ЗТЯ мэдээлэв.