ИТХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН аймаг, нийслэл, сум, дүүргүүдэд үнэмлэхүй ялалт байгуулжээ.
Одоогийн байдлаар, 21 аймгийн 14 аймагт, нийслэлийн есөн дүүргийн наймд буюу 45 мандатаас 40-д нь ялалт байгуулсан байна. Мөн МАН-аас нийслэлийн ИТХ-д нэр дэвшүүлсэн есөн эмэгтэйг сонгогчид 100 хувь сонгосон аж. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 2393 тойргийн 8031 мандатын төлөө 17278 нэр дэвшигч 10 нам, бие даагч, нэг эвслээс өрсөлдөв.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр өглөөний 7 цагаас оройн 20 цагийн хооронд үргэлжилж, хуулийн дагуу явагдсан гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.