Молдавт ерөнхийлөгчийн сонгууль, бүх нийтийн санал асуулга эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-10-20 13:40:30

КИШИНЕВ, 2024 оны аравдугаар сарын 20 /РИА Новости/.  Бүгд Найрамдах Молдав улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ба Европын Холбоонд элсэх тухай асуудлаарх бүх нийтийн санал асуулга өнөөдөр өглөө нэгэн зэрэг эхэллээ.


Орон нутгийн цагаар өглөөний 7:00 цагт Молдавын нутаг дэвсгэр дэх 2 200 гаруй санал авах байр, хилийн чанад дахь 234 санал хураах байр үүдээ нээжээ.


Молдавын хуулийн дагуу ирц 33,3 хувиас давсан тохиолдолд ерөнхийлөгчийн сонгууль явагдсан гэж тооцох бөгөөд бүх нийтийн санал асуулгад ч мөн адил ийм босго тавьдаг байна.


Молдавын Сонгуулийн төв комиссоос гадаадын 784 ажиглагч, дотоодын 1277 ажиглагчид мандат олгожээ. Харин Орос улсын ба Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын Парламент хоорондын ассамблейн төлөөлөгчид ажиглагчдын жагсаалтад багтсангүй.


Хуулинд зааснаар, сонгуулийн эхний шатанд нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын 50-иас дээш хувийн саналыг авч чадаагүй тохиолдолд хоёр долоо хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 3-нд хоёр дахь шатны санал хураалт болох бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялагчаар тодорно.


Энэ удаагийн сонгуульд нийт 11 нэр дэвшигч өрсөлдөж байна. Тэд бол одоогийн ерөнхийлөгч Майя Санду, Ерөнхий прокуророор ажиллаж байсан Александр Стояногло, Ерөнхий сайд асан Василий Тарлев, Ион Кику, Гагаузийн Өөртөө засах нутаг дэвсгэрийн захирагч асан Ирина Влах, Дотоод хэргийн сайд асан Андрей Нэстасе, Гадаад хэргийн сайд асан Тудор Ульяновский, Залуучууд ба спортын асуудал сайд асан Октавиан Цыку, прокурор асан Виктория Фуртунэ, “Бидний нам”-ын дарга Ренато Усатый, сэтгүүлч Наталья Морарь нар юм.


Харин бүх нийтийн санал асуулгын явцад “БНМолдав улсыг Европын Холбоонд элсүүлэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг Та дэмжиж байна уу?” гэсэн асуултад сонгогчид хариулах ёстой. 

Холбоотой мэдээ