Ачаалж байна…
Ачаалж байна…
Davaasuren Adiyasuren

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч, иргэний андгай өргөх нь 16 нас хүрсэн өсвөр үеийнхний хувьд иргэний эрх, үүргээ ухамсарлан ойлгож, нийгэм, эх орныхоо өмнө хүлээх хариуцлагаа мэдрэх чухал үйл явдал юм.
Энэ хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын таван сургуулийн 16 нас хүрсэн 190 сурагч иргэний үнэмлэхээ гардан авч, Монгол Улсын иргэний андгай өргөлөө.
Ёслолын ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ц.Хүрэлбаатар, Засаг даргын зөвлөх Б.Лхагвабаатар, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ш.Энхсүх, Дундговь аймгийн Залуучуудын холбооны Сайнцагаан сумын салбарын тэргүүн Ц.Гандуулга нар оролцож, сурагчдад иргэний үнэмлэх, батламжийг гардуулан өгч, баяр хүргэлээ.
Монголын Залуучуудын Холбооноос 16 жилийн өмнө санаачлан эхлүүлсэн иргэний андгай өргөх ёслол нь өсвөр үеийнхэнд эх оронч үзэл, үндэсний бахархал, иргэний ухамсар, ёс суртахуун, хариуцлагыг төлөвшүүлэх зорилготой юм.
Энэхүү ёслолын үеэр сурагчид Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийг дээдлэн сахих, эх орон, ард түмнээ хүндэтгэх, үндэсний өв соёл, тусгаар тогтнол, эрх чөлөөг эрхэмлэн хамгаалах, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээ андгайлан илэрхийлдэг
Ийнхүү 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авснаар өсвөр үеийнхэн хуульд заасан хүрээнд хөдөлмөр эрхлэх, нийгмийн харилцаанд бие даан оролцох зэрэг шинэ эрх, боломжийг эдлэхийн зэрэгцээ хууль тогтоомжийг сахих, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэх, өөрийн үйлдэл, шийдвэрт хариуцлагатай хандах иргэний үүргээ ухамсарлах учиртай.
Тиймээс иргэний андгай өргөх ёслол нь зөвхөн иргэний үнэмлэх гардан авах үйл явдал бус, харин залуу үеийнхэнд эрх, үүргийн тэнцвэр, эх оронч үзэл, нийгмийн хариуцлагын үнэ цэнийг ойлгуулж, ухамсартай, хариуцлагатай иргэн болон төлөвшихөд чиглэсэн чухал ач холбогдолтой юм.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 190 сурагч ийнхүү Монгол Улсын иргэний андгай өргөж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, эрхээ хариуцлагатай эдэлж, үүргээ нэр төртэй биелүүлэх иргэний шинэ алхмаа эхлүүллээ.