ӨВӨРХАНГАЙ: "Ногоон хэрэм" төслөөр эко шийдэл бүхий сургалтын төв байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-11-20 16:31:30

Арвайхээр, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/.  Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслөөс Арвайхээр сум дахь мод үржүүлгийн газарт “Ойн сургалтын төв”-ийг байгууллаа.


Төслийн хөрөнгөөр хоёр давхар, 200 м.кв талбай бүхий “Hybrid house” барилгыг ашиглалтад оруулж байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүч буюу нарны энергийг ашиглан халаалтыг шийдсэн, эрчим хүчний өндөр хэмнэлттэй эко барилга гэдгээрээ онцлог юм.


Үүний үр дүнд дөрвөн улирлын турш төрөл бүрийн сургалт зохион байгуулж, мэргэжилтнүүд, мод үржүүлэгчдийн чадавхыг дээшлүүлэх, иргэд, олон нийтийн экологийн боловсролыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.


Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн III үе шатны хэрэгжилтээр цөлжилт, шар шороон шуургыг багасгах зорилго тавьж, Арвайхээр сумын 15 га талбайд мод үржүүлгийн ажлыг зохион байгуулж байна. Одоогоор салхинаас хамгаалах зурваст 11820, мөчрөөр 767604, хүлэмжид үрээр 92798 ширхэг тарьцыг бойжуулж байгаа юм. 












Холбоотой мэдээ