Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

КАИР, 2026 оны арваннэгдүгээр сарын 26 /КАЗИНФОРМ/. Египетийн нийслэл Каир хотын хойд хэсэгт орших нэгэн дагуул хотод шатахуун тээвэрлэсэн ачааны машин осолдож, гал гарсны улмаас 31 амиа алдаж, 21 хүн түлэгдэж гэмтжээ. Энэ тухай Дойче Велле мэдээлснийг Казинформ агентлаг дамжууллаа.
Ослын талаарх мэдээллийг Египетийн Эрүүл мэндийн яам Х нийгмийн сүлжээний хуудсандаа нийтэлсэн байна.
Мэдээлэлд дурдсанаар, аврах ажиллагаанд түргэн тусламжийн 39 автомашин оролцож байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайд Халед Абдель Гаффар ойролцоох эмнэлгүүдэд хүргэгдсэн хүмүүстэй уулзжээ.
Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд уг осол Каир орчмын тойрог хурдны замд гарсан байна.
Болсон явдлыг нүдээр гэрчийн ярьснаар, ачааны машин эгнээ хооронд сүлжиж явснаа замын хөдөлгөөний урсгалыг тусгаарласан хашлагыг мөргөсөн байна. Үүний дараа дэлбэрэлт болж, ойролцоох автомашинууд руу гал маш хурдан тархжээ. Засгийн газрын мэдлийн Al-Ahram сонин эх сурвалжаас эш татан мэдээлснээр, ачааны машины урд талд өндөр хүчдэлийн шугамын кабель унаж, жолооч жолоодлогоо алдсан тул машин чиглэлээ огцом өөрчилж, дэлбэрэлт болохоос өмнө эсрэг урсгал руу орж онхолдсон байна.
Египетийн Ерөнхий прокурорын газраас ослын шалтгааны тодорхойлохоор мөрдөн шалгалт хийж байна.
Тус улсын Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси, тэргүүн хатагтай Интисар нар амиа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд шаардлагатай тусламж үзүүлэхийг үүрэг болголоо.
Egypt Independent сонинд мэдээлснээр, уг ачааны машин Газрын тос, байгалийн нөөцийн яамных бус харин шатахуун тээвэрлэдэг нэгэн хувийн компанийн машин байжээ. Egypt Today сонинд бичсэнийг үзвэл, ачааны машинаар хий тээвэрлэж байсан бололтой.