ДУНДГОВЬ: Хосгүй үнэт архивын гэрчилгээ авсан баримтуудыг дэлгэн сурталчлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-ын
Архивын тасгаас “Хосгүй үнэт архивын гэрчилгээ авсан баримт"-уудыг дэлгэн иргэдэд
сурталчлав.
Уг үзэсгэлэнд бүртгэлийн
дугаар 50-“Дэлгэрцогт, Цагаандэлгэр сумаас Халх голын байлдаанд оролцсон
хүмүүсийн бүртгэл” (1944-1946 он), бүртгэлийн дугаар 51-“Аймгийн музейн Эртний гар урлал,
хэв зуршлын булан” (1942 он), бүртгэлийн дугаар 52-“Гурвансайхан сумын хөдөлмөрчдөөс
Солонгосын ард түмэнд тусалсан бэлэг, хуримтлалын данс, (1960 он),
бүртгэлийн дугаар 53-“Гурвансайханы ард иргэдээс Энхтайваны гэрээ байгуулах
тухай Энхтайваны дэлхий дахины зөвлөлийн урилгад гарын үсэг зурсан баримт” (1951-1952 он)-ууд тавигджээ.
Архивын хосгүй үнэт баримт гэдэг нь түүх, соёлын чухал ач холбогдолтой мэдээлэл, үйлдсэн аргын хувьд дахин давтагдашгүй, цорын ганц хувь, ховор нандин баримт ба монголын ард түмний оюуны үнэт өв, түүх, соёлын дурсгалт зүйл, хүн төрөлхтний соёлын өвийн бүрэлдэхүүн хэсэг болдог.