АРХАНГАЙ: Гадаадын 100 гаруй байгууллагатай харилцаа тогтоон хамтран ажиллахаар тохиролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-01-03 13:04:13

Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн “Эртний нүүдэлчдийн өлгий” аялал жуулчлалын холбоо БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулдаг Ази тивийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн China International Travel Mart (CITM) үзэсгэлэнд оролцжээ.

 

2024 оны 11 дүгээр сарын 22-25-ны өдрийн хооронд болсон тус үзэсгэлэнд БНХАУ-ын аялал жуулчлалын зах зээлд Архангай аймгийг танилцуулах, аялагч, жуулчдыг Монгол Улсад зочлуулах зорилгыг өвөрлөн  Майхан толгой жуулчны бааз (Архангай, Тариат сум), Их Улаан Шивэрт халуун рашаан (Архангай, Батцэнгэл сум), Өгий Далай ресорт (Архангай, Өгийнуур сум), Тунгалаг тамир лодж (Архангай, Ихтамир сум), Жаран цагаан халуун рашаант амралт (Архангай, Хотонт сум) газруудын төлөөлөл оролцжээ.

 

Энэхүү үзэсгэлэнгийн 53000 м.кв талбайд БНХАУ-ын 31 муж, өөртөө засах орон, төр засгийн газрын шууд харьяа хотын захиргаа, Хонконг, Макао, Тайванийн соёл, аялал жуулчлалын байгууллагууд, зочид буудал, агентлагууд, агаарын тээврийн компаниуд, соёл урлаг, музейн байгууллагууд, урлагийн байгууллагууд, дижитал аялал жуулчлал, соёлын аялал жуулчлалтай холбоотой аж ахуйн нэгжүүд зэрэг 100 гаруй улсын 2500 гаруй аж ахуй нэгж, байгууллагууд оролцсон байна.


Монгол Улс 54 м.кв үзэсгэлэнгийн талбай тохижуулан оролцсон ба аяллын тур оператор 12 байгууллага оролцсоноос Архангай аймаг 2 компанид ногдох талбайд аймгийн аялал жуулчлалыг сурталчилжээ.


Архангай аймгийн аялал жуулчлалын холбоо нь VISIT ARA хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Малчин кемп” хөтөлбөр болон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Winterland Ice Festival” хөтөлбөрүүдийг аяллын маршрутад багтаан сурталчилж, уг хөтөлбөрүүдийн маркетингийг идэвхтэй хийжээ. Архангай аймгийг уг үзэсгэлэнд төлөөлөн оролцсон байгууллагууд хамтран өвөл, зуны 4 аяллын маршрутуудыг боловсруулж, тэдгээрийн англи, хятад хэл дээрх танилцуулгыг бэлтгэн, олон нийтэд хүргэсэн байна.


Үзэсгэлэнгийн үеэр БНХАУ-ын болон бусад улсын 100 гаруй байгууллагатай харилцаа тогтоон танилцаж, цаашид хамтын ажиллагаа үүсгэхээр тохиролцжээ.  


Энэ үзэсгэлэн нь Архангай аймагт үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын байгууллагуудын хувьд маш чухал ач холбогдолтой болж, олон улсын үзэсгэлэнгээс маш их туршлага хуримтлуулсан чухал ажил боллоо гэж дүгнэсэн байна.


Мөн тус үзэсгэлэнд Монгол Улсаас оролцсон 10 тур оператор компаниуд Архангай аймгийн өвөл болон зуны аялал жуулчлалыг дэмжих зорилгоор аяллын хөтөлбөртөө Архангай аймгийг бүгд онцолж тусгасан байжээ.


Олон улсын аялал жуулчлалын зах зээл хэрхэн ажилладаг, компаниуд хэрхэн оролцдог, мөн олон улсын зах зээлд бүтээгдэхүүн болон үйлчилгээг хэрхэн сурталчилж буйг үзсэн нь Архангай аймгийн төлөөлөгчдөд ирээдүйн олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцох туршлагыг нэмэгдүүлсэн үйл ажиллагаа болжээ. Үүний үр дүнд тус аймгийг БНХАУ-ын зах зээлд илүү өргөн хүрээнд сурталчлах, олон улсын жуулчдыг татах боломж бий боллоо. Энэ нь Архангай аймгийн аялал жуулчлалын салбарын хөгжилд эергээр нөлөөлж, тухайн аймгийн эдийн засгийн өсөлтөд ч бодитой хувь нэмэр оруулах боломжтой юм.

Холбоотой мэдээ