Карибын тэнгист 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-02-09 10:27:56

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 9 /Reuters/. Карибын тэнгист орон нутгийн цагаар бямба гаргийн орой 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай АНУ-ын хяналт судалгааны агентлагууд мэдээлжээ.


Газар хөдлөлт орон нутгийн цагаар 18:23 цагт Кайманы арлуудын эргээс 209 км зайд далайд болжээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлт 10 км-ийн гүнд болсон байна.


2021 онд Хаитигийн баруун өмнөд хэсэгт 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш тус бүс нутагт болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт энэ болж байна гэж АНУ-ын Далай тэнгис, агаар мандлын судалгааны үндэсний газраас мэдээлжээ.


Пуэрто-Рико болон АНУ-ын Виржинийн арлуудад цунамийн аюулаас сэрэмжлэх анхааруулга өгсөн байна. Харин АНУ-ын эх газрын эрэгт ямар нэгэн анхааруулга хүргүүлээгүй байна. Кайманы арлуудын засгийн газар цунамийн аюулаас сэрэмжлэхийг оршин суугчдадаа анхааруулж, аюулгүй байдлын үүднээс далайн эргээс холдож, өндөр газар луу нүүхийг уриалжээ. 

Холбоотой мэдээ