Хаан найрал чуулгын уран бүтээлчид Европт анхны тоглолтоо хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.tuul@montsame.gov.mn
2025-03-09 17:14:17

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Чингис хаан Үндэсний музейн дэргэдэх Хаан найрал чуулгын уран бүтээлчид энэ сарын 4-6-нд ХБНГУ-ын Берлин хотноо болсон “ITB Berlin 2025” Дэлхийн аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр монгол өв соёлоо сурталчлав.


Чуулгын уран бүтээлчид “Их Монгол”, “Адуу хураах дуу” зэрэг бүтээлээ толилуулж, монгол хаадын ёслолын бүжгийг бүжиж сонирхуулсан байна. Түүнчлэн Берлиний алдарт Симон галерейд энэ сарын 7-8-нд тоглосон тоглолтыг Германд суугаа монголчууд болон тус улсын улс төр, эдийн засаг, бизнес, урлаг соёл, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид үзэж сонирхсон байна.


Тус чуулгын удирдаачаар Р.Ганбат, тоглолтын куратороор Монгол Улсын соёлын элч Ц.Гэрлээ нар ажилласан аж. Хаан найрал нь манай улсын хамгийн залуу бүтээлчидтэй чуулга бөгөөд эртний хөгжмийн зэмсгүүдээр тоглож, уламжлалт дуу, хөгжим, бүжгийн өвийг сэргээн толилуулдаг.


Ташрамд сонирхуулахад, дэлхийн 170 гаруй орны 5800 гаруй байгууллага, компани оролцсон “ITB Berlin 2025” үзэсгэлэнд манай улсаас үндэсний аялал жуулчлалын 13 компани оролцжээ.



 

Холбоотой мэдээ