Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг дүрслэх урлагийн мэргэжлийн уран бүтээлчдийн “Тусгаар тогтнол” үзэсгэлэнг МУЭ-ийн Арт галерейд өчигдөр нээлээ.
Энэ жилийн үзэсгэлэнд дүрслэх урлагийн бүхий л төрлийн 70 шилдэг бүтээлийг дэлгэн толилуулж байна. Үзэсгэлэн нь дүрслэх урлагийн бүтээлээр дамжуулан Монголын үндэсний онцлог, өвөрмөц мөн чанарыг илэрхийлэх, соёлын, оюун санааны тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн тусгаар тогтнолын талаарх ойлголт, ухамсрыг бэхжүүлэх зорилготой юм. Энэхүү үзэсгэлэнг таван жилийн өмнө Төрийн соёрхолт, Ардын зураач Ш.Чимэддорж анх санаачлан зохион байгуулж байжээ.
Тэртээ 1924 оны өвлийн дунд сард Улсын анхдугаар Их хурал хуралдаж, Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг батлан, Бүгд Найрамдах засгийг тунхагласан нь үндэсний тусгаар тогтнолын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. Энэ түүхэн үйл явдал нь монголчууд эх оронч үзэл, эв нэгдэл, нэгдмэл хүсэл зоригийн хүчээр тусгаар тогтнолоо бататгасны илэрхийлэл билээ.
Эх орон, газар шороо, түүх соёл, зан заншил, ёс уламжлалыг дүрслэх урлагийн хэлээр дамжуулан уран сайхнаар илэрхийлж, хаана ч, хэнд ч орчуулгагүйгээр хүргэх боломжтой. Тиймээс энэхүү үзэсгэлэн уран бүтээлчдийн авьяас чадварыг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ үндэсний өв соёл, тусгаар тогтнолын үнэ цэнийг урлагаар дамжуулан таниулж буйгаараа онцлог юм.
Үзэсгэлэнгийн нээлтэд МУЭ-ийн Ерөнхийлөгч А.Сонинбаяр, Ардын зураач Ш.Чимэддорж нар үг хэлж, шилдэг бүтээлийн эзэд, хамтран ажиллагч байгууллагын шагналыг гардууллаа.
Энэ жилийн үзэсгэлэнгийн Гранпри шагналыг Т.Баттогтохын “Хатад” бүтээл хүртсэн бол тусгай байрт Л.Гантөмөрийн “Тэмцэл”, Ш.Баатарын “Богд хаант Монгол Улс”, Д.Ганзоригийн “Хархорум хот”, А.Ууганбаярын “Айсуй” бүтээл тус тус шалгарлаа.
Мөн хамтран ажиллагч, ивээн тэтгэгч байгууллагын нэрэмжит шагналыг дараах уран бүтээлчид хүртэв.
Монголын уран зургийн галерейн шагнал:
Үзэсгэлэн гаргах эрх – Т.Одон, “Маршал Чойбалсан”
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн нэрийн бэлэг:
Н.Адьяабазар “Мөнх тэнгэрийн буулга”
Г.Амгаланбаатар “Морин эрдэнэ”
Д.Азжаргал “Гэр”
Голомт банкны нэрэмжит шагнал:
Ц.Ган-Эрдэн, “Борооны дараа”
О.Ням-Очир “Тусгаар тогтнолын салхи”
Д.Батмөн, “Ану хатан”
Ө.Одхүү “Амь”
Ж.Мөнхжаргал “Эх”
Б контемпорари галерейн нэрийн бэлэг, мөнгөн шагнал:
Ө.Ирмүү, “Хуучин хүү”
Солонгос уран бүтээлчийн шагнал:
Ж.Энхдэлгэр “Том тамга”
“Таван нүдэн” брэндийн нэрэмжит шагнал:
Т.Баттогтох
Л.Гантөмөр
Ш.Баатар
Д.Ганзориг
А.Ууганбаяр
Уран зураг цуглуулагч, УИХ-ын гишүүн асан Батбаярын нэрэмжит шагнал:
С.Дагвадорж “Зуслан”
Монголын Ревматизмын холбооны гарын бэлэг:
Ц.Түмэнжаргал “Улс эзэнтэй”
З.Уянга “Хувьсал”
Тус үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл олны хүртээл болно.