Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт таавар зохион байгуулахыг хориглолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-30 15:10:36

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 10 хуулийн төслийг эцэслэн баталлаа.

 

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн тухай, Зөрчлийн тухай, Зар сурталчилгааны тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Онцгой албан татварын тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглож байгаа юм. Ингэснээр Эрүүгийн хуульд заасан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврыг зохион байгуулсан, мөн энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулахад өөрийн данс, утасны дугаар, цахим мөнгө, цахим хаяг зэргээ ашиглуулсан агентуудад эрүүгийн хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдэж байна.

 

Түүнчлэн Зөрчлийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилж, хүүхэд, залуучуудыг энэ төрлийн тоглоом тоглоход уриалан дуудсан үйлдэлд зөрчлийн хариуцлага оногдуулах нөхцөл бүрдэж байна. Мөн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

 

Холбоотой мэдээ