Халдварт өвчний тохиолдол урьд оныхоос өсчээ

Орон нутагт | Дундговь
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 22:29:45

Энэ оны 9 дүгээр сарын байдлаар Дундговь аймагт 733 хүүхэд шинээр мэндэлсэн бөгөөд шинээр мэндэлсэн хүүхдийн тоог өнгөрсөн оны энэ үеийнхтэй харьцуулахад арав гаруйгаар буурсан байна.

Эхийн эндэгдэл гараагүй, нялхын эндэгдлийн 6 тохиолдол бүртгэгдэж, өнгөрсөн оны 9 сарынхаас 6 тохиолдлоор буурсан нь эрүүл мэндийн салбар дахь эерэг үзүүлэлт болж байна. 

Харин хүн амын нас баралт өнгөрсөн оны энэ үеийнхээс 11 тохиолдлоор, халдварт өвчний тохиолдол 167- оор өссөн бөгөөд хүн амын нас баралтын шалтгаанд хорт хавдар 25 хувиар хамгийн өндөр хувийг эзэлсэн хэвээр байна. Мөн осол гэмтэл 18 хувийг эзэлж, нас баралтын нэг гол шалтгаан болжээ.  

Халдварт өвчний хувьд амьсгалын замын халдвар 57 хувь, бэлгийн замын халдварт өвчин 29 хувийг эзэлж, 10 мянган хүнд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 98 болж урьд оныхоос өссөнийг Статистикийн газраас мэдээллээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ