Мөнгөний нийлүүлэлт өмнөх оныхоос 8.7 хувиар нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2026-01-19 11:26:24

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Mөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 их наяд төгрөгт хүрчээ.


Энэ нь өмнөх оныхоос 8.7 хувь буюу 3.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнд төгрөгийн хадгаламж 18.3 хувь буюу 4 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.


Бага мөнгө (M1) 2025 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 11.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 3.9 хувь буюу 460.2 тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх сарынхаас нэг хувь буюу 115.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Бага мөнгө (M1)-ний 91.1 хувь буюу 10.2 их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 8.9 хувь буюу 998.6 тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө ажээ.



Бараг мөнгө өнгөрсөн оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 35.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 13.4 хувь буюу 4.2 их наяд, өмнөх сарынхаас 3.3 хувь буюу 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Бараг мөнгөний 72.7 хувь буюу 26 их наяд төгрөг нь төгрөгийн, 15.7 хувь буюу 5.6 их наяд төгрөг нь валютын хадгаламж, 11.6 хувь буюу 4.2 их наяд төгрөг нь валютын харилцах байв.


Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2025 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 1.8 хувь буюу 22.2 тэрбум, өмнөх сарынхаас 3 хувь буюу 36.7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Бага мөнгө (М1) нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон төгрөгийн харилцах дансан дахь мөнгөний нийлбэр бол бараг мөнгө нь төгрөг болон гадаад валютын хадгаламж, валютын харилцах, цэвэршүүлсэн алтны харилцах, хадгаламжийн сертификатын нийлбэр юм. 

Холбоотой мэдээ