Кубын компани “Google”-тэй гэрээ байгуулжээ

Дэлхийд | Боловсрол
dorjkhand@montsame.mn
2016-12-13 12:57:25

ГАВАНА. /PrensaLatina/. Кубын төрийн мэдлийн харилцаа холбооны “Etecsa” компани интернэтэд холбогдох хурдыг нэмэгдүүлэх үүднээс Америкийн “Google” компанитай гэрээ байгуулжээ.

Гэрээний хүрээнд “Google”-ийн үйлчилгээнүүд, тухайлбал  Gmail болон YouTube-д холбогдох хурдыг сайжруулахын тулд Кубад серверүүд суурилуулах аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама албан тушаалаа өгөхөд ердөө хэдхэн долоо хоног үлдээд байгаа энэ үед тус хоёр компани гэрээ байгууллаа. Түүний халааг авах Дональд Трамп Кубын талаарх АНУ-ын бодлогод өөрчлөлт оруулах эсэх нь тодорхойгүй байна.

Хагас зуун жил гаруйн хугацаанд хөндий хүйтэн байсан хоёр улсын харилцааг Ерөнхийлөгч Б.Обама энэ оны эхээр сэргээсэн билээ.

Куба бол интернэт холболтын үзүүлэлтээр хамгийн доогуурт ордог улсуудын нэг юм.

Кубачуудын ихэнх нь гэрээсээ интернэтэд холбогдох боломжгүй бөгөөд өндөр үнэтэй wi-fi кодоор л цахим ертөнцөд холбогдох боломжтой ажээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ