Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх санамж бичгийг “BYD Company Limited”-тэй байгуулж, төслийн ТЭЗҮ-ийг арванхоёрдугаар сард багтаан боловсруулан 2027 оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэй ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. Миний ахлах зөвлөх Ж.Батбаясгалан уг төслийг хариуцна. Энэ оны арванхоёрдугаар сарын 5-ны дотор зураг төслийн ажлыг дуусгана. 2027 оны гуравдугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлж, тухайн оны 11 дүгээр сард батарейд суурилсан нийтийн тээврийг туршилтаар явуулахыг зорьж байна. Төслийг сонгон шалгаруулалт эсвэл төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх үү гэсэн хувилбаруудыг сонгож хэрэгжүүлнэ” хэмээн ярилаа.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм байна.
Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэхийг албаныхан онцлов. “BYD Company Limited” компани нь цахилгаан автомашин, батарей, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд 17 сая гаруй цахилгаан автомашин борлуулжээ.
Тус компани нь цахилгаан автомашиныг есөн минутад бүрэн цэнэглэх станцыг 2026 онд БНХАУ-д 20 мянган ширхэг барих ажлыг энэ оны зургаадугаар сард эхлүүлж, одоогоор 7 мянган ширхгийг барьжээ. Харин “Вlade Battery” технологид суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг БНХАУ-ын 10 хот, Бразилын Сан Паулу хотод нэвтрүүлсэн байна.
