“Хавдрын эсрэг хамтдаа" тэмцэхийг уриалсан марк худалдаанд гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-09-28 16:30:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол маркийн түүхэнд эрүүл мэндийн сэдэвтэй марк хамгийн анх 1960 онд, хамгийн сүүлд 2008 онд “ДОХ-ын эсрэг тэмцэцгээе” гэсэн сэдэвтэй гарч байжээ. Үүнээс хойш 10 жилийн дараа “Хавдрын эсрэг хамтдаа” сэдэвт 2 нэрийн өглөгийн буюу нэмэгдэл үнэтэй маркийг гүйлгээнд гаргаж эхэллээ.


Марк гүйлгээнд гарснаар хавдрын өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олон нийтэд сурталчлан таниулахаас гадна эрт илрүүлгийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой гэдгийг эмч нар хэлж байна. ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газраас монгол хүний нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй хорт хавдрын шалтгаан, өвчлөл нас баралтыг бууруулахад онцгойлон анхаарч олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа энэ цаг үе маркийн түүхэнд баримт болон үлдэж байна. Хорт хавдрын эсрэг бүх нийтээрээ хамтран тэмцэхийг уриалж энэхүү маркаар дамжуулан эрт үедээ оношлуулж чадвал энэ өвчнийг эмчлүүлж чадна гэдэг мессэжийг өгөхийг зорьлоо” гэв.

“Хавдрын эсрэг хамтдаа” нэгдүгээр марканд монгол гэрийн тулганы дүрсээр хорт хавдрын эмчилгээний гурван гол тулгуур болох мэс засал, туяа, хими эмчилгээг төлөөлүүлэн илэрхийлжээ. Хоёрдугаар нэрийн марканд дэлхий нийтэд хорт хавдартай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхийг уриалсан анхны билэгдэл болох ягаан туузыг оруулсан нь хүмүүст эрүүл мэндээ дээдлэхийг уриалсан байна.

ХСҮТ-д жилд дунджаар 10 мянга орчим хүн эмчлүүлдэг байна. Эмчлүүлж гарсан хүмүүст энэхүү маркийг бэлэглэх аж. Монгол маркийн түүхэнд эрүүл мэндийн сэдэвтэй 7 марк гарч байжээ.

Связанные новости