ГССҮТ-ийн хүүхдийн тасагт тэргэнцэр гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-10-01 19:10:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд найрамдах Чех улсын ЭСЯ, “Сайн үйлсийн зөв зам” ТББ-аас өнөөдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн хүүхдийн тасагт хүүхдийн 15 тэргэнцэр гардууллаа.


Тус төвийн хүүхдийн тасагт өдөрт 100 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Гэвч хүүхдэд зориулсан тэргэнцэр байхгүйн улмаас эдгээр хүүхдийг эцэг эх, сувилагч нь зөөх хүндрэл үүсдэг байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах зорилгоор Чехийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар 9056 еврогийн үнэ бүхий эдгээр тэргэнцрийг хандивлаж буй юм. Тэргэнцрийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан Куры компани тусгайлан захиалгын дагуу үйлдвэрлэжээ.



“Сайн үйлсийн зөв зам” ТББ нь БНЧУ-ын ЭСЯ-наас зарласан Орон нутгийн төсөлд 2 дахь жилдээ оролцож байгаа аж.  Тус төсөл хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл ямар нэгэн гэмтэл, бэртэл авсан бага насны хүүхдийг эмчилгээний явцад өөрсдөд нь зориулсан тав тухтай тэргэнцрээр аюулгүй тээвэрлэх нөхцөл бүрдэж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Өнөөдрийг хүртэл ГССҮТ-д хүүхдэд зориулсан тэргэнцэр байгаагүй. Гэмтлийн эмнэлэгт өдөр бүр 100 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүүхдийг зөөх шаардлагатай болбол эцэг, эх, асрагч нар тэвэрч зөөдөг. Ер нь Чех улстай бид социализмын үед нэг дээвэр дор байсан. 1990-ээд оноос хойш хэдий бүх социалист орон манайд үзүүлэх тусламжаа зогсоосон. Харин хөгжлийн тусламжаа зогсоогоогүй ганц улс бол Чех.1990 оноос өнөөдрийг хүртэл 48 сая ам.долларын буцалтгүй тусламжийг бидэнд үзүүлсэн. Энэ дундаас 1.3 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулаад байна. Түүнчлэн Эрдэнэтийн эмнэлэгт таван тэргэнцрийг өгч буй юм.Цаашдаа зөвхөн тэргэнцрээр хязгаарлагдахгүй, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн талаар Элчин сайдын яамтай ярилцаж байгаа. 2018, 2019 оны төсөвт бид эмнэлгийн салбарт шаардагдаж байгаа тоног төхөөрөмжийг төсвийг суулгаж байна” гэлээ.


Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны Орон нутгийн жижиг төсөл нь чехийн экспертүүд болон байгууллагуудын Монгол Улсад барилгын салбарт, сэргээн засварлалт, эмнэлэгийн салбарт, тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нэг юм.

Связанные новости