ХХБ “Хүмүүст амьдрал бэлэглэе” сайн дурын цусаа хандивлах аянд нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-10-03 12:30:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар бүрийн 3-нд Цусаа бэлэглэх өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Худалдаа хөгжлийн банкны хамт олон удахгүй тохиох 28 жилийн ойгоо угтан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Хүмүүст амьдрал бэлэглэе” уриатай сайн дурын цусаа хандивлах аяныг банкны төв байранд нийт ажилтнуудынхаа дунд хоёр дахь удаагаа зохион байгууллаа.

2015 онд тус аяныг зохион байгуулж 150 гаруй ажилтан сайн дураараа цусаа хандивлан эрдэнэт хүний амийг аврах их үйлсэд хувь нэмрээ оруулж байсан бол энэ удаа ажилтнуудаа уриалан идэвхтэй оролцож, сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, хүмүүнлэгийн үйлсийг олон нийтэд сурталчлахаар нэгдэв. Таны нэг удаа өгсөн цус үхэлтэй тэмцэж буй 3 хүний амь насыг авардаг бөгөөд та бусдад цусаа хандивласнаар өөртөө ч мөн адил амьдрал бэлэглэж байгаа хэрэг юм. Учир нь цусаа байнга өгдөг хүмүүс зүрх судасны өвчлөл болон хавдраар өвчлөх эрсдэл маш бага гэсэн судалгааны дүгнэлт байдаг байна.

Тус банкны хамт олны зүгээс нийт харилцагчид, бизнесийн хамтрагчид, банк санхүүгийн зах зээлд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж буй бусад байгууллагуудыг хамт олноороо цусаа хандивлах үйлст идэвхтэй оролцохыг уриаллаа.

Связанные новости