Нийслэлийн шүд эрүү нүүрний төв шинэ байртай болж, хүчин чадал нь 2.5 дахин нэмэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд шүдний төрөлжсөн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг Нийслэлийн шүд эрүү нүүрний төв өөрийн гэсэн шинэ байртай болж өнөөдөр нээлтээ хийлээ.
1986 онд байгуулагдсан тус төв нь жилд 100-120 мянга гаруй хүнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг байсан бол эмнэлгийн ажиллагсад болон иргэдийн тав тухыг бүрэн хангасан шинэ байранд үйл ажиллагаа явуулж эхэлснээр хүчин чадал 1.5-2 дахин нэмэгдэж, жилдээ 500 мянга гаруй хүнд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх боломжтой болов.
Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлэхдээ, “Иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч чамгүй ажлууд хийж байгаагийн нэг бол энэ төв юм. Шүд эрүү нүүрний үйлчилгээ үзүүлдэг байгууллагын 80 хувь нь хувийн хэвшил учир иргэд өндөр өртөгтэй шүдний эмчилгээ, үйлчилгээг тэр бүр хийлгэж чаддаггүй. Тэгвэл Нийслэлийн 1.3 сая гаруй хүнд эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг энэ эмнэлэг жилд 280 сая орчим төгрөг зөвхөн түрээсэнд төлдөг байлаа. Бид энэ асуудлыг шийдэх ёстой гэж үзсэн” гэв.
Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл: Шүдний өвчлөл нь 200 гаруй өвчний суурийг бий болгодог. Монголын хүн амын дунд өнөөдөр амны хөндийн өвчлөл ноцтой түвшинд байгаа нь судалгаагаар тогтоогдсон. 2-15 насны хүүхдийн 85-96 хувь нь шүд цооролттой , нэг хүүхдийн 4-6 шүд өвчтэй, 18 настай хүүхэд, залуучуудын 67.5 хувь нь л эрүүл шүдтэй, үлдсэн нь ямар нэгэн байдлаар дутуу, өвчтэй шүдтэй гэсэн дүн гарсан. Тиймээс ч “Эрүүл шүд эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газар баталсан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Нийслэлийн шүд эрүү нүүрний төв томоохон үүрэг гүйцэтгэнэ. Иймд манай яамны зүгээс тоног төхөөрөмжийн асуудалд нь анхаарч үүргээ биелүүлнэ.
Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн захирал Л.Хэнтий: Таван жил түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж ирсэн манай төв өөрийн гэсэн зориулалтын байртай боллоо. Мөн Тайванийн хүүхэд гэр бүлийг дэмжих сангаас хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тус бүр хоёр кабинетыг бүрэн тохижуулж өгсөн. Үүгээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд бүрт тусламж үзүүлэх цогц үйлчилгээтэй кабинет болж байгаа нь давуу талтай.
Энэхүү 6 давхар барилга нь үйлчлүүлэгч болон ажилчдын цахилгаан шат, нэгдсэн агааржуулалтын системтэй, саруулхан өрөө тасалгаа бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, иргэдийг тав тухтай орчинд үйлчлүүлэх орчин нөхцлийг бүрдүүлжээ. Шинэ байр нь Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо, 33 дугаар сургуулийн зүүн урд байрлаж байгаа бөгөөд ирэх сард үйлчлүүлэгчдээ хүлээн авах юм.
Г.Өлзийхутаг
Гэрэл зургийг Б.Чадраабал