УНТЭ-т нүдний торлог шилэнцрийн өвчнийг эмчлэх боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-10-18 17:16:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канад улсын Лаурэл Ретина сангаас 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий торлог шилэнцрийн мэс заслын багаж тоног төхөөрөмжийг өнөөдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн Нүд судлалын тасагт хүлээлгэн өглөө.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Өнөөдөр эх орондоо эмчилдэггүй өвчний тоо нэгээр буурлаа. Канадын Лаурэл сан нүдний торлог шилэнцрийн мэс заслыг хийх боловсон хүчнийг бэлтгэж, тоног төхөөрөмж нийлүүлснээр энэхүү боломж бүрдлээ. УНТЭ-ийн удирдлага, хамт олон, нүдний тасгийнхан, Канадын засгийн газар, ЭСЯ-нд талархал илэрхийлье” гэв.

УНТЭ, Канад улсад төвтэй Лаурэл Ретина сан, Бритиш Колумбиагийн их сургуулийн хамтын ажиллагааны хөтөлбөр нь гэрээний дагуу 2015 оны 08 дугаар сарын 12-наас тус эмнэлэгт хэрэгжиж эхэлсэн бөгөөд гэрээнд зааснаар хамтын ажиллагаа нь 2020 он хүртэл тасралтгүй, тогтвортой үргэлжлэх юм. Хамтын ажиллагааны хүрээнд манай улсад зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай нүдний торлог шилэнцэр, цээжний хөндий, чих хамар хоолой, толгой хүзүүний мэс заслын чиглэлээр хамтран тэдгээр салбарын хөгжлийг хурдасгах, эмч, сувилагч нарын чадавхийг сайжруулах, Канад улсад дагнасан нарийн мэргэжлээр эмч сургаж бэлтгэх, хөдөө орон нутгийн ард иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, тоног төхөөрөмжөөр хангах, шинэ технологи нэвтрүүлэх юм.

Төслийн хүрээнд 2019 онд нүдний компьютер томографи, нүдний торлогийн судасны ангиографи болон торлогийн лазерын машиныг гаалийн татвараас чөлөөлүүлэн тус эмнэлэгт суурилуулахаар бэлтгэл ажил хийж байна. Эдгээр багаж тоног төхөөрөмжийг суурилуулснаар УНТЭ-т Торлог шилэнцрийн өвчний оношилогоо эмчилгээг цогцоор шийдэж чадна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Связанные новости