Сүрьеэтэй өвчтөний гэр бүлийн 70 хувь нь санхүүгийн дарамтад өртөж буй дүн гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ болон ДЭМБ-аас өнөөдөр сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд учирч буй зардлын судалгааны үр дүнг танилцууллаа.
Монгол Улс 1994
оноос эхлэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шууд хяналттай богино хугацааны эмчилгээг
хэрэгжүүлж байна. Сүрьеэгийн эмчилгээг 6 сараас 2 жилийн хугацаанд
тасралтгүй хийлгэх ёстой байдаг. Монгол Улс болон дэлхийн олон улс оронд
сүрьеэгийн оношилгоо, эмчилгээ үнэ төлбөргүй хэдий ч нэмэлт зардал, тухайлбал
гаж нөлөөний эм, унааны зардлыг үйлчлүүлэгч өөрөө гаргах ёстой. Эдгээр
зардал нь сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд санхүүгийн дарамт учруулдаг. Эдгээр
зардлаас болж өвчтөнүүд эмчилгээгээ таслах, ингэснээр бусад хүмүүст халдвараа
тараах эрсдэл нэмэгдэх аюултай. ДЭМБ-ын тодорхойлсноор сүрьеэ өвчний улмаас учирч буй санхүүгийн дарамт
гэдэг нь нийт зардал өрхийн жилийн орлогын босгоос /энэ судалгаанд босго нь 20
хувь/ хэтэрсэн зардлыг хэлнэ. Ерөнхийдөө, сүрьеэтэй өвчтөнүүдийн 1/3 нь
“ноцтой” болон “маш ноцтой” санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг бөгөөд тэдгээрийн
гэр бүлийн 70 хувь нь
санхүүгийн дарамтад өртөж байна.
Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй (ЭТС) өвчтөнүүдийн дунд ажилгүйдэл
11-37 хувь, мөн
хөдөлмөрийн чадвараа алдах байдал 4-30 хувь хүртэл нэмэгдсэн байна. Эмэнд мэдрэг сүрьеэтэй хүмүүсийн
хувьд ажилгүйдэл 11-43 хувь, хөдөлмөрийн чадвараа алдах байдал 5-10 хувь хүртэл өссөн байна. Мөн
сүрьеэгээр өвчилснөөс болж нийт өвчтөний 39 хувь нь зээл авахад хүрч, 45.5 хувь нь ажилгүй болсон байна.
Судалгааны үр дүнгээс харахад сүрьеэ өвчин нь Монгол Улсын нийгмийн эрүүл
мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй, ядуу
амьдралтай, эмнэлэгт хэвтсэн болон шууд хяналттай богино хугацааны эмчилгээ
хийлгэж буй өвчтөнүүд нь сүрьеэгийн улмаас санхүүгийн дарамтад өртөх эрсдэлтэй
бүлэг болох нь тодорхойлогдсон байна гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.