Улсын 3 дугаар төв эмнэлэг сүүлийн 5 жилд 7055 хүнд зүрхний шигдээсийн тусламж үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-12-26 11:10:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Гуравдугаар төв эмнэлэг өөрийн эмнэлгийн тархины харвалт ба зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээнд сүүлийн 5 жилийн хугацаанд гарсан бодит үр дүн, өөрчлөлт шинэчлэлт, ололт, амжилт, туршлагаа эрүүл мэндийн салбарын хамтран ажиллагч байгууллагууд, төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан холбогдох олон улсын байгууллагууд хийгээд иргэд олон нийтэд тайлагнах зорилгоор “Тархины харвалт ба зүрхний шигдээс төслийн 5 жилийн үр дүн” сэдэвт тайлан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Төслийн үр дүнд бий болсон тархины харвалт, зүрхний шигдээсийн цогц лавлагаа тусламж үйлчилгээний хүрээнд тус эмнэлэг сүүлийн 5 жилийн хугацаанд 4158 хүнд тархины харвалтын, 7055 хүнд зүрхний цочмог шигдээсийн тусламжийг, 4435 хүнд зүрх, тархины судсан дотуурхи мэс заслын, 48 хүнд бүлэн хайлуулах эмчилгээ, 10414 хүнд зүрх, тархины судсан дотуурхи оношилгоо, 9990 хүнд тархи, зүрхний компьютер томографийн шинжилгээ, давхардсан тоогоор 8375 хүнд харвалт, шигдээсийн эрт үеийн сэргээн засах тусламжийг тус тус үзүүлээд байна.

Тайлан хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир,  Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн, Мянганы хөгжлийн сорилын сангийн эрүүл мэндийн төсөлхариуцсан захирал асан А.Мөнхтайван нар оролцож нээж үг хэлсэн бөгөөд ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, төрөлжсөн тусгай мэргэжлийн эмнэлэг, төвүүд, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн удирдлагын төлөөлөл, дүүрэг орон нутгийн эмнэлгүүдийн эмч эмнэлгийн мэргэжилтний төлөөлөл нийт 70 гаруй хүн  оролцов.

Тус эмнэлэгт Монголын Мянганы Сорилын сангийн санхүүжилт, ДЭМБ-ын дэмжлэг туслалцаатай 2010-2013 онд “Тархины харвалт ба Зүрхний шигдээс” төсөл амжилттай хэрэгжсэн билээ.
Уг төсөл нь Монгол хүн амын дунд тохиолдож буй тархины харвалт, зүрхний шигдээс өвчнийг эрт оношлох, эмчлэх, үр дүнтэй сэргээн засах, дахихаас урьдчилан сэргийлэх, бүртгэх цогц тусламж үйлчилгээг бий болгох үндсэн зорилготой. Төслийн хүрээнд тархины харвалт, зүрхний яаралтай тусламж эмчилгээний эмнэлзүйн удирдамж стандартыг шинэчлэн боловсруулж практикт нэвтрүүлэх, тархины цус харвалт, зүрхний шигдээсийн эрт үеийн оношилгоо эмчилгээний оновчтой, өндөр үр дүнтэй аргыг практикт нэвтрүүлэх, ангиографи болон компьютер томографийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж бусад эм эмнэлгийн хэрэгслээр хангах, нарийн мэргэжлийн багийг өндөр хөгжилтэй орнуудад богино хугацаагаар оношилгоо эмчилгээний арга зүйд сургах, улсын хэмжээнд тархины цус харвалт, зүрхний шигдээсийн бүртгэлийн тогтолцоог бий болгож, мэдээллийг эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүн амын мэдлэгийг дээшлүүлэхэд ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм.

Одоогоос 5 жилийн өмнө амжилттай хэрэгжиж дууссан уг төслийн тогтвортой үйл ажиллагааг хангах хүрээнд энэхүү тайлан хэлэлцүүлгийг зохион байгуулав.

 

Связанные новости