Монгол маарамбуудын уламжлалт хэрэгслээр сургалтын танхим байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДМонголын уламжлалт анагаах ухааны түүхийг харуулсан, ховор сонин үзмэр бүхий музей АШУҮИС-ийн Монгол Анагаах ухааны институтэд өнөөдөр нээлтээ хийв.
Монголчуудын дэлхийн анагаах ухаанд оруулсан хувь нэмрийг тодруулах зорилгоор монгол уламжлалт анагаах ухааны соёл, өв уламжлалыг хадгалах, хамгаалах, сурталчлах сургалтын үзмэрт танхимыг ийнхүү нээж байна.
Тус музейд Ганжуур, Данжуурын 320 ботийг залснаас гадна монголчуудын бүтээсэн 50 гаруй судар ном, амьтан, ургамлын гаралтай 300 гаруй түүхий эд, монгол маарамбуудын эртний уламжлалт анагаах ухаанд ашиглаж байсан багаж хэрэгсэл зэрэг 1000 гаруй үзмэр дэлгэжээ.
АШУҮИС, АУС, Монгол анагаах ухааны институтын захирал, доктор, профессор Д.Цэрэндагва хэлэхдээ, “Монголын уламжлалт анагаах ухааныг 5000 гаруй жилийн түүхтэй гэж судлаачид үздэг. Монголын анагаах ухаан нь монголчуудын өөрсдөө бүтээсэн, эрүүл мэндийг нь хамгаалах өв соёл, үндэсний хөрөнгө, анагаах урлаг юм. Монгол маарамбуудын бүтээсэн бүтээлүүдийг шинжлэх ухааны эргэлтэд оруулах, хамгаалах, ургамлын гаралтай ховордож байгаа эмийн ургамлуудыг судалж бүртгүүлэх, тарималжуулахаар эхлэл болгож оюутан, магистр, доктор, эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулж энэ кабинетыг нээж байна. Уламжлалт анагаах ухааныг аюулгүй, нотолгоонд суурилан хөгжүүлэх нь хамгийн чухал” гэв.
Энэхүү музей нь зөвхөн анагаахын сургуулийн оюутнуудад төдийгүй сонирхсон хэн бүхэнд нээлттэй аж.
Ж.Болор