Хүүхдийн орны ачаалал 3.6 хувь хүртэл буурч, эмнэлгүүд хэвийн ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар өнөөдөр Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд, хүүхдийн 80 ортой
бөгөөд томуу, томуу төст өвчний үед ЭМЯ, НЭМГ-аас гаргасан тушаал шийдвэрийн
дагуу насанд хүрэгчдийн 90 орыг хүүхдийн тасагт шилжүүлэн нийт 170 орыг
ажиллуулж байна. Сүүлийн 4-5 хоногт эмнэлгийн орны ачаалал харьцангуй буурч,
өнөөдрийн байдлаар 143 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүлээн авах, яаралтай
тусламжийн тасагт тус эмнэлгийн болон ӨЭМТ-ийн хүний нөөцийг ашиглан 1-3 эмчийг
24 цагийн ээлжээр ажиллуулж буй бөгөөд тодорхой ур чадвар, ажиллах зөвшөөрөл
бүхий эмч, эмнэлгийн мэргэжилтнийг нэмэлт гэрээгээр ажиллуулж эхэлснээр хүүхдэд
үзүүлэх тусламж, үйлчилгээ хүлээгдэл, чирэгдэлгүй болжээ.
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд нийт батлагдсан хүүхдийн 165
ортой бөгөөд насанд хүрэгчдийн тасгийн орыг нэмж хүүхдийн тасагт шилжүүлж, нийт 230 орыг
ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар, 200 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
ярихдаа, “Томуу, томуу төст өвчний тархалтын үед буюу 14 хоногийн өмнө
нийслэлийн хэмжээнд батлагдсан нийт хүүхдийн 977 орон дээр 613 хүүхэд нэмж хэвтэж,
орны ачаалал 80 шахам хувиар хэтэрсэн. Ялангуяа шинэ жилийн баярын дараа буюу энэ
сарын 2-7-нд эмнэлэгт хэвтсэн хүүхдийн тоо эрс нэмэгдэж, СХД-ийн нэгдсэн эмнэлгийн 165
ортой тасагт 285 хүүхэд хэвтэж байсан. Нэгдүгээр сарын 11-нд буюу ид оргил
ачааллын үеэр тус эмнэлэгт 301 хүүхэд хэвтсэн тохиолдол бий. Үүнтэй
холбогдуулан ЭМЯ, НЭМГ-аас тодорхой зохион байгуулалт хийж, эмнэлгийн коридорт
нэг ч хүүхэд хэвтүүлэхгүй, зохих стандарт орчинд эрүүл мэндийн тусламж,
үйлчилгээг үзүүлэх арга хэмжээг авсан. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар эмнэлгийн коридорт хэвтсэн нэг ч
хүүхэд байхгүй байна. Гэхдээ удахгүй болох уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд
томуугийн халдвар нэмэгдэж болзошгүй тул эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд бэлэн
байдлыг ханган ажиллаж байгаа. Эцэг эхчүүд маань бага насны хүүхэддээ тавих анхаарал
халамжаа сайжруулж, аминдэм ихтэй тэжээллэг хоол хүнс хэрэглэх, олон нийтийн
газраар аль болох дагуулж явахгүй байх, дулаан
хувцаслах, дархлааг нь дэмжих зэргээр гэрийн нөхцөлд сайтар асарч сувилах
шаардлагатай байна. Ялангуяа олон вирус эргэлтэд орж байгаа улирлын томуугийн
үед зөвхөн хүүхэд гэлтгүй томчууд ч эрүүл мэнддээ онцгойлон анхаарч, урьдчилан
сэргийлэх аргуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” хэмээв.