Хүүхдийн эмчийн сургалтыг хоёр жил тутам зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-03-02 10:19:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хүүхдийн амь тэнссэн төлөвийн анагаахын тулгамдсан асуудлууд-II”  сэдэвт хүүхдийн эмч, эрчимт эмчилгээний эмч нарт зориулсан сургалт ЭХЭМҮТ-ийн хурлын танхимд үргэлжилж байна. Цаашид энэхүү сургалтыг орчин үеийн анагаахын нотолгоонд суурилсан шинэ мэдээ, мэдээллээр баяжуулан 2 жил тутамд зохион байгуулах юм. 

Энэ удаагийн эхний ээлжийн сургалтад ЭХЭМҮТ, ХӨСҮТ, Хүүхдийн төв сувилал, нийслэлийн дүүргийн нэгдсэн эмнэлэг, хүүхдэд тусламж үзүүлдэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн эмч, хүүхдийн эрчимт эмчилгээний эмч нар хамрагдаж байна.

Сургалтын нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож хэлэхдээ, “Энэхүү сургалтыг анх 2016 онд ЭМЯ, ДЭМБ-ын дэмжлэгтэй ЭХЭМҮТ-д орон нутаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа хүүхдийн ба хүүхдийн эрчимт эмчилгээний эмч нарыг хамруулан амжилттай зохион байгуулсан. Манай улсын хувьд эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд эх, хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч энэ нь аймаг, бүс нутаг бүрт харилцан адилгүй, тусламжийн тэгш, хүртээмжтэй байдал хангалттай бус байна. Иймд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний уулзалтаас дэлхий нийтээр 2016-2030 онд хэрэгжүүлэхээр заасан “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”-ын хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах шаардлагатай байна. Цаашид эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, ялангуяа хүүхдэд тохиолдох урьдчилан сэргийлэх боломжтой өвчин, эмгэгийн нас баралт, осол гэмтлийн шалтгаантай өвчлөл, эндэгдлийг бууруулах асуудал бидний өмнө зүй ёсоор тавигдаж байна” гэв.

Хоёр дахь ээлжийн сургалтыг энэ сарын 15-17-нд Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн хүүхдийн ба хүүхдийн эрчимт эмчилгээний эмч нарт зориулан зохион байгуулах юм.

Связанные новости