"Нэг зүрх-Нэг нийслэл" аянд эрүүл мэндийн 14 байгууллага нэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд тусламж, дэмжлэг үзүүлэх зорилготой “Нэг зүрх-Нэг нийслэл” аяныг төрийн болон төрийн бус байгууллагын дунд өрнүүлж байна.
Өнөөдрийн байдлаар, тус аянд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төв, Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Энэрэл эмнэлэг, Наркологийн эмнэлэг, Жаргалант, Гачуурт тосгоны эрүүл мэндийн төв, Өргөө, Хүрээ амаржих газар зэрэг нийт 14 байгууллага нэгдэж зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд чиглэсэн олон ажлыг зохион байгуулж буй юм.
Аяны хүрээнд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн халамж шаардлагатай эмч, ажиллагсадаа урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулж, Сэргээн засах болон уламжлалт эмчилгээ хийлгэх эрхийн бичиг олгож, нэг сарын хүнсний хэрэглээг нь хандивлажээ. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв гадаадад эмчлүүлэх шаардлагатай гурав болон найман сартай хоёр хүүхдэд мөнгөн тусламж үзүүлснээс гадна хөгжийн бэрхшээлтэй хоёр үйлчлүүлэгчийг сувилалд хэвтүүлэн эмчлүүлэхээр болжээ.
Мөн "Энэрэл" эмнэлэг зорилтот бүлгийн 35 үйлчлүүлэгчийг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулан, эмзэг бүлгийн зургаан иргэнийг хэвтүүлэн эмчилж, зорилтот бүлгийн 14 эмэгтэйд гарын бэлэг, шаардлагатай хувцас хэрэглэл гардуулжээ.