Оюутнуудад менингококк өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил өрнүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-03-06 11:06:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газар Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, ШУТИС-ийн эрүүл мэндийн төв, ХААИС-тай хамтран тус сургуулиудын 3963 багш ажилтан, оюутанд хамар залгиурын үрэвсэл илрүүлэх үзлэг зохион байгууллаа.


2019 оны хоёрдугаар сарын 25-наас энэ сарын 5-ныг хүртэл нийт 5424 оюутан, багш ажилтанд “Менингококк өвчнөөс урьдчилан сэргийлэх” сургалт явуулж, 2681 ширхэг мэдээлэл сурталчилгааны материал түгээжээ.

Мөн ШУТИС-ийн Оюутны холбоо, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “Масктай 14 хоног” аяныг зохион байгуулж, оюутнуудыг идэвхижүүлэн, халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг өрнүүлж байгаа аж.


Дашрамд дурдахад, ШУТИС-ийн нэг оюутан мeнингококк өвчний шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд лабораторийн шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах аж.

Гэнэт их халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, цочромтгой болох, зулай чинэрэх, татах, унтаа байдалд орох, цусархаг тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандахыг мэргэжилтнүүд зөвлөлөө.

Связанные новости