Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-03-18 17:12:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт: “…Олон улсын жишигт нийцсэн оношилгоо эмчилгээг шинжлэх ухааны ололт, сургалт судалгаатай хослуулан, иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай, тэгш, хүртээмжтэй үзүүлэх үйлсэд эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан ажилласан, тус байгууллагын үе үеийн ажилтан албан хаагч, эмч, сувилагч, офицеруудын хичээл зүтгэлийг үнэлж Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.


Хүндэтгэлийн ёслол тус эмнэлгийн “А” байранд өнөөдөр болж, эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор, дэд профессор, дэд хурандаа Л.Баттөр нээж үг хэлэв. Тэрбээр “…Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн нэрийг найман удаа өөрчилж, гурван удаа татан буулгасан ч эмнэлгийн залгамж халаа нь тасалдаж байгаагүй. Нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэхээр хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа, ажилласаар ирсэн эмнэлгийн үе үеийн ажилтан, албан хаагч, эмч, сувилагч нарын нөр их хөдөлмөрийн үнэ цэнээр энэхүү шагнал ирж байгаа…” хэмээв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмнэлгийн туганд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг зүүж, эмнэлгийн үе үеийн хамт олонд баяр хүргэж, үг хэллээ.


Тэрбээр,  “Анх 1933 онд Дотоодыг хамгаалах газрын эмнэлгийн тасаг нэртэйгээр 24 ажилтантай байгуулж байсан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 2018 онд Австри улсын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэгдэн ажиллах болсноор Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагын болон бусад төрийн тусгай албан хаагчид, Чингэлтэй дүүргийн иргэд гээд жилдээ 130 мянга гаруй хүнд яаралтай мэс засал, гэмтлийн тусламж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Өнгөрсөн жил гэхэд 127 мянга гаруй хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, 8 мянган хүн хэвтэн эмчлүүлсэн үзүүлэлт гарчээ. Орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологиудаар хангагдсан, эмч мэргэжилтнүүдийг Австри улсад давтан сургалтад хамруулснаас гадна олон улсын чанарын удирдлагын тогтолцоо “ISO 9001” батламж авсан анхны эмнэлэг болсон байна.

86 жилийн түүхтэй эмнэлэг цаашид ч хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсолтгүй, цуцалтгүй зүтгэж, хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагтаа тууштай ажиллана гэдэгт итгэж байна” хэмээв.

Связанные новости