“Эрүүл иргэн” аян зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-03-22 17:06:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурлаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, цаашид хийхээр төлөвлөсөн зорилтот ажлын талаар эмнэлгийн удирдлагуудад мэдээлэл өглөө.


Мөн томуу, томуу төст өвчин, улаанбурхан зэрэг халдварт өвчний талаарх цаг үеийн мэдээллийг танилцуулж, халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг нэвтрүүлэхтэй холбогдуулан дүүргийн сургалт зохион байгуулж эхлээд байна. Түүнчлэн  Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын талаар холбогдох хэлтсийн дарга нар танилцуулав.
НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон тоног төхөөрөмжийн асуудлаар мэдээлэл хийж, цаашид эмч, мэргэжилтнүүдийн харьцаа хандлага, цаг ашиглалт болон сахилга хариуцлагыг сайжруулж ажиллахыг санууллаа. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх, ирэх сарын 15-наас 10 дугаар сарын 15-нд зохион байгуулах “Эрүүл иргэн” аяны бэлтгэл ажлыг хангах, эмнэлгүүдийн орны фонд ашиглалтын судалгааг гарган төлөвлөгөө боловсруулах, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд чиглэсэн үйл ажиллагаандаа анхаарал хандуулж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын дарга нарт үүрэг болгов.

Связанные новости