Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-03-22 17:30:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх зорилгоор ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан, Эмнэлгийн Тусламж Үйлчилгээ Хариуцсан Дэд захирал О.Хишигсүрэн болон ГССҮТ-ийн эмч нар тус эмнэлгийн орчин нөхцөл, тоног төхөөрөмжтэй танилцаж эмч, сувилагч нарт сургалт явууллаа.

Тус аймгийн Засаг дарга, ИТХ-ын гишүүд энэхүү төслийг хэрэгжүүлэхэд бүхий л талаараа дэмжиж, хамтран  ажиллахаа илэрхийлэв.

ГССҮТ-ийн яаралтай тусламжаар үйлчлүүлэгсдийн 13.5 хувь, хэвтэн эмчлүүлэгсдийн 36.3 хувь нь хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлж байгаа бөгөөд энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байна. Ийнхүү хөдөө орон нутгаас гэмтэл согогийн тусламж, үйлчилгээ авч байгаа иргэд олширч байгаатай холбоотой эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмж, шинэ технологийг хөдөө орон нутагт нэвтрүүлэх шаардлага урган гарч байна. Орон нутгаас ирж үйлчилгээ авч буй иргэдийн урсгалыг бууруулж, цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх нөхцөлийг бүрдүүлэх нь төслийн гол зорилго юм.

Өнгөрсөн нэгдүгээр сараас Өвөрхангай аймгийн БОЭТ-д хэрэгжиж эхэлсэн төслийн үр дүн гарч эхэлж байна. БОЭТ-ийн амбулаториор 850 хүнийг үзэж, 57 хүнд хагалгаа хийж, Богд, Гучин-Ус, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан суманд 486 хүнд рентген зураг авч оношлон, зөвлөгөө өгчээ.

Связанные новости